Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн харьяа Түлэгдлийн төв эмнэлэг нь 2022 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 11 дүгээр хороололд байрлах хуучин байрандаа нүүн орж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ. Тус төв нь 60 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг, хэвтэн эмчлүүлэх 70 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд түлэгдэлт, осголт, хөлдөлт, түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын яаралтай тусламж, үйлчилгээг 24 цагаар үзүүлэх бөгөөд амбулаторийн тусламж, үйлчилгээг ажлын өдрүүдэд ажлын цагаар үзүүлнэ.
Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай хүчилтөрөгчийн шинэ үйлдвэр, мэс заслын хоёр өрөө, лаборатори, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг бүрэн суурилуулсан байна.
Товчхондоо түлэгдэлт, осголт, хөлдөлт, түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын тусламж үйлчилгээг Сүхбаатар дүүрэгт байрлах хуучнаар Түлэнхийн төвийн байр буюу 11-р хорооллын “Түлэгдлийн эмнэлэг”-т хандан авах боломж бүрдлээ.
Ташрамд дурдахад, 1990 онд ЗХУ-ын дэмжлэгтэйгээр барьсан Түлэнхийн төвийг Эрчимт эмчилгээний тасгийн дээвэр нурсан гэдэг шалтгаанаар барилгыг ашиглах боломжгүй хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2012 онд акталж нураах шийдвэр гаргасан. Улмаар 10 гаруй жилийн турш барьсан барилга ийнхүү өнөөдөр иргэдэд өндөр үүдээ нээж байна.