Өнгөрсөн аравдугаар сард болсон бүжгийн спортын ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцож, түүхэн дэх анхны медалиа хүртсэн. ДАШТ-д амжилт гаргасан бүжигчдийг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзлаа. Уулзалтад МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар байлцав.
Энэ үеэр Латин формейшн төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн “Moon Dance” хамтлагийг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагнаж урамшууллаа. Мөн ДАШТ-д дөрөвдүгээр байр эзэлсэн “Star Dance” хамтлагийг Олимпын алтан медалиар, ХААИС-ийн дэргэдэх “Хатан туул” хамтлагийн багш дасгалжуулагч Г.Цолмонг мөн Олимпын алтан медалиар шагнасан юм.
“Moon Dance” дасгалжуулагч О.Саранхүү шагналаа гардан авсны дараа “Сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Спорт, олимпизмыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд тууштай зүтгэсний үр дүн гарлаа гэж бодож байна.
“Moon Dance” хамтлагийн хувьд ДАШТ-д найман удаа оролцож, дөрвөн удаа финалдсан ч хараахан медаль авч чадахгүй байсан. Тиймээс өөрчлөлт хийж, медальд хүрэх ганц л зорилго бидэнд байлаа.
Энэ жилийн хувьд бид бусад хамтлагаас өөр байх ялгарал, ондоошилоо харуулах гэж хичээсэн нь медальд хүрэх үндэс болсон болов уу. Бидний гаргасан амжилтыг үнэлж, шагнаж урамшуулсан олимпын хорооны хамт олондоо талархсанаа илэрхийлье” гэв.