Иргэн Ариунаа шүүхэд хандаж, “ … газар зарна гэсэн зарын дагуу Дарь эхэд байрлалтай 160 м.кв хэмжээтэй газрыг 10,0 сая төгрөгөөр иргэн Эрдэнээгээс худалдан авч 10,0 сая төгрөгийг бэлнээр төлсөн боловч миний нэр дээр газрын гэрчилгээ гараагүй тул 10,0 сая төгрөгөө түүнээс буцаан гаргуулах хүсэлтэй” гэж нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Эрдэнээ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “… Ариунаатай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсны дагуу газрыг түүний нэр дээр шилжүүлэхээр болсон, түүний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарч амжаагүй байхад Ариунаа өөрөө газраа Булгаад худалдсан. Намайг нотариат дээр дуудаад уг газар эзэмших эрхийг шууд Булгаа руу шилжүүлэхээр гэрээ байгуулсан, газар Булгаагийн нэр дээр шилжсэн тул Ариунаа мөнгөө шаардах эрхгүй” гэж маргав.
Гэрч Булгаа шүүхэд мэдүүлэхдээ “...Миний аав, ээж нар газар авахаар нэг хүнтэй ярилцаад миний нэр дээр шилжүүлж авна гээд анх нотариат дээр намайг дуудсан, ...газрыг анх Ариунаагаас авсан боловч нотариат дээр очиход нэр дээрээ шилжүүлж амжаагүй байгаа, Эрдэнээ та хоёр гэрээ байгуулчих, тэгвэл газар шууд шилжинэ гэсний дагуу Эрдэнээтэй гэрээг байгуулсан ...” гэв.
Мөн хэрэгт авагдсан баримтаар Ариунаагийн эмээ нь Булгаагаас мөнгө хүлээж авсан баримт үйлдсэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/23 дугаар захирамжаар Булгаад газар эзэмших эрх шилжсэн үйл баримт тогтоогдсон байна.
Шүүхээс, нэхэмжлэгч Ариунаа нь Эрдэнээгээс худалдан авсан газраа Булгаад зарсан, өөрийнх нь хүслийн дагуу Эрдэнээ уг газар эзэмших эрхийг Булгаа руу шилжүүлсэн нь тогтоогдсон тул гэрээнээс татгалзах эрхгүй гэж үзэж, Эрдэнээгээс 10,0 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.