Жолоодох эрхийн үнэмлэхгүй Ч.Маралмаа гэгч урсгал сөрөн долоон авто машин угсруулан дайрч, хоёр хүүхэд мөргөсөн ноцтой ослыг өнгөрсөн сард гаргасан. Тодруулбал, энэ оны аравдугаар сарын 10-ны өдрийн 18.53 цагт Баянзүрх дүүргийн нутаг “Олимп” хотхоны хойд замд 7 автомашин мөргөж, хүн гэмтээсэн ноцтой хэрэг гарсан. Үүний дагуу 19.12 цагт Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрыг хамгаалалтад авч, үзлэг шалгалтыг хийхэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны хойд замд 18.46 цагийн орчимд Toyota Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь замын эсрэг урсгалд орж, 7 автомашин мөргөж, замаас гарсан. Улмаар явган хүний замаар явж байсан явган зорчигч “С” /12 настай, эмэгтэй/, “Э”/12 настай, эмэгтэй/ нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байдаг. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах талаар санал ирүүлсэн байна. Саналыг тус шүүх 2022 оны аравдугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн аж.