НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх ажлын хэсгийн гишүүнээр ахлуулсан баг өнгөрсөн сард манай улсад ажиллаж, шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьж, дарамталж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэдэг явдал Монголд газар авсныг дүгнэлтдээ онцолсон. УИХ-ын гишүүн С.Одонтуяа өчигдөр энэ талаар мэдээлэл хийж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад асуулга тавьж буйгаа уламжлав. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын ажлын хэсгийнхний дүгнэлттэй санал нийлж байгаа, эсэхийг уг асуулгаараа тодруулж буй юм байна. Ирэх оны есдүгээр сард эл дүгнэлтийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 94 дүгээр чуулганаар хэлэлцэх тул үүнд онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээ авах ёстойг тэрбээр санууллаа.