Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага манай улсын Ойн агентлагтай хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорнод аймгийн Баян-Уул сумд нэг сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд томоохон хоёр ажил хийхээр төлөвлөсөн нь ой нөхөн сэргээх, мод үржүүлгийн газар байгуулах аж.
Төслийн зорилтот бүс нь Хэнтий, Дорнод аймгийн газар нутгийг дамнан оршдог Эрээний нуруу юм байна. Крыловын нарс, Чекановскийн болон дагуур шинэс зэрэг экологийн өндөр ач холбогдолтой, ховор шилмүүст мод ургадаг эл нуруу түймэр, хортон шавжийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд ихээхэн доройтсон гэнэ. Тэгвэл төслийн хүрээнд энэ ойг хамгаалж, нөхөн сэргээх ажлыг үе шаттай хийх нь. Эхний ээлжид 100 га талбайд туршилтын загвараар нөхөн сэргээлт хийхээр болжээ. Тэрчлэн их хэмжээний тарьц, суулгац нийлүүлэх чадамжтай, дэвшилт технологи бүхий шийдэлтэй мод үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр ойн тогтвортой менежмент хэрэгжүүлэх, байгалийн нөөц хамгаалах нөхцөл бүрдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.