Цагдаагийн байгууллагынхан “Илрүүлэлт, оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд шөнийн хяналт шалгалт зохион байгуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 501 зөрчлийг таван цагийн хугацаанд илрүүлжээ. Тодруулбал, алба хаагчид энэ сарын 28-29-нд шилжих шөнө буюу 22.00-03.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг шалгасан байна. Ингэхэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил орон нутагт 293, нийслэлд 208-ыг бүртгэжээ. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа замын хөдөлгөөнд оролцож байсан 298 зөрчил илрүүлсэн аж. Тухайн шөнө согтуугаар “Тоёота приус” маркийн автомашин жолоодож байсан иргэн гурван тээврийн хэрэгсэл мөргөсөн ноцтой осол гарсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Цагдаагийн алба хаагчид 2022 оны эхний есөн сард энэ төрлийн 42 000 зөрчил илрүүлж, мөн тооны иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалжээ. Харин энэ хугацаанд согтуугаар жолоо барьснаас үүдэлтэй 1400 осол гарч, 80 гаруй иргэн амиа алдсан байна.
Бэлтгэсэн Н.Буян