Улаанбаатар хотын Цагдаагийн газрын, Хар тамхитай тэмцэх газрын дарга зэрэг албан тушаал хашиж байсан, хурандаа Ж.Эрдэнэболд “Гэмт хэргийн хяналтын цогц системийн нэвтрүүлэлт, хөгжүүлэлтийн асуудал (Улаанбаатар хотын жишээн дээр) сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр энэ судалгааны ажлын хүрээнд нийслэлийн нийгэм, эдийн засаг, хүн ам зүй, хотжилт, гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагад үндэслэн хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд дэвшилт технологи, программ хангамж, инновацын дэвшлийг нэвтрүүлэх, Улаанбаатарын онцлогт тохирсон “монгол” гэмт хэргийн нөхцөл байдлыг хяналтад авах олон талт, харилцан уялдаа холбоо бүхий систем, аргачлалыг боловсруулж хэрэгжүүлэх замаар хотын аюулгүй байдал, иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэргийн гаралтыг бууруулах асуудлыг хөндсөн байна. Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд АНУ-д суралцаж байхдаа Хойд Америкийн метрополис хотуудад аюулгүй байдлыг хангах зорилгоор ашигладаг “КомпСтат” гэмт хэргийн хяналтын системийг судалж, улмаар 2016 оноос эхлэн орчин үеийн дэвшилтэт энэ цогц арга, үйл ажиллагааг Улаанбаатар хотод, цагдаагийн байгууллагад туршиж, гарч буй үр дүнд тулгуурлан зарим арга, хэлбэр, технологийг нэвтрүүлсэн нэгэн. Тухайлбал, гэмт хэргийн цахим зураглал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох дүн шинжилгээний аргууд, эдгээрийг дагасан холбогдох программ хангамж, үйл ажиллагааны шинэчлэл хийсэн нь уг эрдэм шинжилгээ, судалгааны ажил онол, практикийг хослуулсан, гадаад орнуудын сайн туршлага, орчин үеийн арга, инновацад тулгуурласан, тодорхой үйл ажиллагаа, технологийг практикт нэвтрүүлсэн зэргээрээ онцлог байгааг ДХИС-ийн Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүд, эрдэмтэд онцлов. Түүнчлэн Улаанбаатар хотын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дээрх инновац, дэвшлийг нэвтрүүлснээр нийслэлийн гэмт хэргийн нөхцөл байдлыг хууль сахиулах байгууллагууд бүрэн хяналтдаа авах, зам тээврийн осол, түгжрэлийг багасгах, зохицуулахад ашиглах боломжтой гэж судлаачид үзэж байна.