Монгол болон Бруней улсын багийн хооронд гурван жилийн өмнө болсон, 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатны анхны тоглолтод хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал чөлөөт цохилтоос бөмбөг оруулснаар анх удаа “алтан” гоолын эзнээр тодорсон. Тэр жилийн аравдугаар сард Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантино манай улсад айлчлах үедээ түүнд “Катар-2022” ДАШТ-ийг үзэх эрх өгсөн билээ. Тэгвэл Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар түүнд хагас шигшээ болон “FIFA legend” буюу алдартнуудын тоглолтод Ази тивээс төлөөлж оролцох урилгыг гардуулжээ.
Хөлбөмбөгийн спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, МХБХ-ны Шүүгчийн хэлтсээс эмэгтэй шүүгчдийн ур чадварыг ахиулах сургалт зохион байгууллаа. Энэ удаа хамрагдсан есөн оролцогч батламжаа гардан авч, тусгай бэлтгэл сургалтад гурван сарын үргэлжлүүлэн суралцахаар болов. Үүний дараа тэд шалгалтад хамрагдаж, тус холбооны ангилалтай шүүгч болох боломж бүрдэх нь. Ирэх жил ОУХБХ-ны эмэгтэй шүүгчийн сургалтыг манай улс эх орондоо зохион байгуулна.