Ерөнхийлөгчийн Тамгын газрын энэ жилийн төсөв 19.7 тэрбум төгрөг. Энэ нь өмнөх оныхоос 50 хувь өссөн дүн юм. Тэгвэл 2023 оны улсын төсвийн төсөлд 26.6 тэрбум төгрөг Ерөнхийлөгчийн Тамгын газарт “тавьсан” нь өнөө жилийнхээс 35 хувиар нэмэгджээ. Энэ нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын 32 жилийн түүхэн дэх хамгийн өндөр төсөв болох нь.
2021 оны тухайд Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хүрэлсүхийг сонгогдоход тухайн жилийн төсвийг баталчихсан байсан юм. Энэ нь сонгуулийн жилийн төсвийн онцлог байх талтай. Өөрөөр хэлбэл, өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшинэ гэж тооцон, Тамгын газрын буюу төсвийн эх үүсвэрийг сурталчилгаандаа далдуур ашиглах зорилго тээж байсныг үгүйсгэх аргагүй. Ер нь сонгуульт байгууллагуудын төсвийг бүрэн эрхийн хугацааных нь төгсгөлд өндөр баталчих гээд байдаг. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын 2013 оны төсөв 11.1 тэрбум байсан нь нэлээд өндөр дүн юм. Эхний “томилолт”-оо өндөрлөж, Төрийн тэргүүний сонгуульд дахин хүч үзэх гэсэн Ц.Элбэгдорж 2012 оны намар дараа жилийнх нь төсвийг хэлэлцэж байхад үүнийг тооцоолсон нь лав биз.
Гэхдээ сонгуульгүй жилийн төсвийг өнгөрсөн жил батлахдаа ч Төрийн тэргүүнд 19.7 тэрбум төгрөг хуваарилсан нь өмнөх оныхоос 6.5 тэрбумаар илүү байх жишээтэй. Энэ өсөлт нь 2015-2020 он хүртэлх нэг жилийн төсөвтэй нь тэнцэх, заримаас нь давах дүн юм. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын 2016 оны төсөв 3.8 тэрбум төгрөг байсныг инфографикаас харж болно. Тухайн үед Ази, Европын дээд түвшний уулзалт АСЕМ-ыг зохион байгуулахтай холбоотойгоор багагүй зардал гаргалаа гэж шүүмжлэх хүн олон байсан юм даг. Тэр дундаа уг арга хэмжээг зохион байгуулахад голлох үүрэгтэй оролцсон Гадаад харилцааны яам, Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийг их байна гэж багагүй “балбасан” билээ. Харин одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд харьяалах Тамгын газрын төсөв түүхэн дээд үзүүлэлт тогтоож байна. Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөв жил бүр өссөөр дөрвөн жилийн өмнөхөөсөө зургаа дахин өндөр болжээ. Энэ нь тус байгууллагынхан өдөрт 72 сая төгрөг зарцуулна гэсэн үг. Өнөөгийн Төрийн тэргүүнийхийг үл харгалзан сүүлийн 10 жилийн төсвийг харвал 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Тамгын газар 11.1 тэрбум төгрөг зарцуулсан нь хамгийн өндөр дүн бөгөөд бусад жилийнх нь нэг оронтой тооноос хэтэрсэнгүй.
Аливаа байгууллагын урсгал зардалд цалин, хөлс нэлээд жин дардаг. Ерөнхийлөгчийн Тамгын газрын энэ жилийн төсөвт гэхэд ажиллагсдынх нь цалин, хөлс болон нэмэгдэл урамшууллын зардалд4.2 тэрбум төгрөг тусгажээ. Энэ нь нийт төсвийнх нь 20 гаруй хувьтай тэнцэнэ. Одоогоор уг байгууллагад 74 хүн ажиллаж байгаа нь хамгийн олон орон тоотойд тооцогдож байгаа юм. 2020 оноос буюу Ерөнхийлөгч Х.Баттулгын үеэс Тамгын газрын ажилтнуудын тоог огцом өсгөж, 71-т хүргэсэн ч энэ жилээс бага гэлтгүй бас л нэмжээ. Уг нь 2013 оноос буюу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улиран сонгогдсоноос хойш 2020 оныг хүртэл Тамгын газрын орон тоог үндсэндээ 55-д барьж ирсэн байгаа юм. Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хугацааны сүүлчийн хагаст 70 гаруй болтол нь нэмснийг өнөөгийн Төрийн тэргүүн үргэлжлүүлэн өсгөсөн бололтой. Зургаан жилээр сонгогдсон анхны Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 он гэхэд Тамгын газрынхаа орон тоог хэдээр нэмэхийг таашгүй.
Түүх сөхвөл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд анх сонгогдсон даруйдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын бүтэц батлах тухай зарлиг батлан, 50 хүн ажиллуулсан байдаг. Улмаар хоёр дахиа сонгогдож, Тамгын газраа шинэчлэхдээ орон тоогоо таваар нэмснийг дээр дурдлаа. Харин анхны Ерөнхийлөгч П.Очирбатын үед Тамгын газрын орон тоог 35 хүнээр батлан, ажиллуулж байжээ. Тухайн үед Төрийн тэргүүн улс төрийн, эдийн засгийн, хуулийн болон гадаад бодлогын гэсэн дөрвөн зөвлөх ажиллуулсан байна. Тэгвэл өнөөгийн Ерөнхийлөгчид эдгээрээс гадна Боловсрол, шинжлэх ухаан, технологийн, Соёл, шашны, Эрүүл мэнд, спорт, нийгмийн, Байгаль орчин, ногоон хөгжлийн, Хот, хөдөөгийн хөгжлийн, Аюулгүй байдал, батлан хамгаалах, Үйлдвэр, үйлчилгээний бодлогын (Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга) болон ахлах зөвлөх нийт 10 хүнийг томилон, ажиллуулж буй. Төсвөөс цалин авдаггүй учраас орон тооны бус зөвлөхүүдийг нь дурдсангүй. Гэхдээ У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод олон зөвлөхтэй болчихсон ч юм биш. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн, Хүний эрх, иргэний оролцооны, Хөгжлийн эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн болон Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зэрэг 11 зөвлөхтэй байхаар зарлиг баталж байжээ. Ингэхдээ Тамгын газрын дарга нь улс төр, цэргийн бодлого хариуцсан ахлах зөвлөхийн албыг давхар хашдаг байсан юм байна. Үүнээс хойш Төрийн тэргүүнүүдэд орон тооны 10 орчим хүн зөвлөж ирсэн аж.
Зөвлөхүүд бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдах албан тушаалтан. Одоогоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Тамгын газрын 74 ажилтны 19 нь удирдах албан тушаалтан болохыг “шилэн данс”-ны нэгдсэн мэдээллийн сан дахь тайлангуудаас харж болно. Удирдах ажилтны тоогоороо ч түүний Тамгын газар тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл, зөвлөхүүдээс гадна Тамгын газрын дарга, дэд дарга, нэр бүхий таван газрын дарга, хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Хэвлэл мэдээллийн албаны дарга, МОНЦАМЭ агентлагийн удирдлага үүнд хамаарна. Өнгөрсөн оны сүүлчээр тус агентлагийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт харьяалуулах болсон билээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын үед Тамгын газар нь хоёр дэд даргатай байсан бол өдгөө эл албыг нэг хүн хашиж буй. Гэхдээ анхны Тамгын газарт дэд дарга гэж байгаагүй юм билээ. Мөн У.Хүрэлсүхээс өмнөхТөрийн тэргүүн нарын үед Тамгын газар нь хэлтэс, албадтай байснаас бус, “газар” гэсэн статустай бүтэц, нэгж байгуулсан тохиолдол үгүй. Харин одоо Бичиг баримт, хяналт шинжилгээний, Хуулийн бодлогын, Бодлого хэрэгжилтийн, Захиргаа, санхүүгийн болон Зохион байгуулалт, үйл ажиллагааны гэсэн таван газар, хоёр алба Тамгын газарт бий. Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газар нь Захиргаа, удирдлагын, Хуулийн болон Бодлого, үйл ажиллагааны гэсэн гурван хэлтсээс гадна Хэвлэл мэдээллийн алба, Шагналын тасагтай байв.
Төрийн алба хэрхэн данхайж, урсгал зардлыг хэдий хэмжээгээр нэмэгдүүлж байгаагийн нэгээхэн жишээ нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөв. Орон тооны өсөлтийн араас ажиллагсдын бичиг хэрэг, элдэв хангамж, шатахуун, шуудан холбоо, эд хогшил, багаж, техник хэрэгслийн зардал нэмэгдэх нь тодорхой. Зөвхөн бичиг хэргийн зардал гэхэд л 2020 онд 14 сая төгрөг байсан бол 2021 онд 18, 2022 онд 20 саяыг давж өсжээ. Энэ бүхнийг том зургаар нь, төрийн албаны хэмжээнд бүхэлд нь харвал ямар тоо гарах бол.
Хамгийн гол нь цар тахал хийгээд олон улсын хурцадмал байдал зэргээс үүдэлтэй эдийн засгийн хямралын энэ үед иргэдээ “хэмнэ” хэмээн үүрэгдэж, татвар, хураамжаа нэмэгдүүлэн, дарамталж байгаа ч Төрийн тэргүүнээсээ авхуулаад засаг төр нь хандлагаа өөрчилсөнгүй, манлайлал ч үзүүлсэнгүй. Тэр ч бүү хэл, Төрийн хэмнэлтийн тухай хууль батлан, хүүхдүүдийн мөнгөнөөс хумсалж, танахаар улайрч байгаа шүү дээ, эрх баригчид. Өнгөрсөн онд, коронавирусийн халдвар ид дэгдэж, хамаг юм нь хязгаарлалт, хорионд хүлэгдэж байсан хүнд үед ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийг урьд байгаагүйгээр өсгөж зүрхэлсэн нь хачирхалтай. Тэр тусмаа Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн чиг үүрэг тодорхой хэмжээгээр хумигдаж, юм болгонд хошуу дүрэхээ больж буй цаг дор Тамгын газраа данхайлгах шаардлага байсан уу. Хэмнэлтийн бодлогыг хэзээ хэрэгжүүлэх вэ, Ерөнхийлөгч өө