Дээхэн үед цагдаагийн байгууллагыг удирдаж асан нэг эрхэм хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нэг хэсэг алба хаагчдынхаа бие бялдрыг хөгжүүлж, сэтгэлзүй, мэдлэг чадварт нь анхаараагүй. Өдгөө мэдлэг чадварыг нь дээшлүүлнэ” хэмээн онцолсон удаатай. Үнэн л үг. Мөн тухайн үед иргэд “Миний цагдаа намайг хамгаална” хэмээн хошигнодог байв. Лоозон маягийн уриа үг боловч иргэн нь цагдаадаа итгэдэг үе байжээ. Одоо бол дийлэнх олонх нь цагдаа, цагдаагийн алба хаагчийн талаар сөрөг зүйл ярьдаг болсон. Энэ нь зарим нэг цагдаа хууль бус, хүний ёсноос гажууд үйлдэл гаргадагтай холбоотой болов уу.
Тухайлбал, А.Ганхуяг нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн III хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа ёс зүйн алдаа гаргасан гэх маш ноцтой мэдээлэл манай сайтад ирэв. Эл хэргийг шүүхээр шийдэж, гэм буруутайг нь тогтоожээ. Иймээс иргэнээс ирүүлсэн мэдээллийг нягталж, тодруулсны үндсэн дээр сэрэмжлүүлэг болгох үүднээс хэргийн талаар нийтэлж байна.
Эрүүгийн мөрдөгч А.Ганхуяг насанд хүрээгүй Х-г хэрэгт холбогдуулан шалгахдаа охины ааваас авлига авсан аж. Улмаар насанд хүрээгүй буюу 17 настай Х-г СХД-ийн 29 дүгээр хорооны Цагдаагийн хэсгийн байранд хүчинджээ. Эрүүгийн мөрдөгч тэрбээр хүчингийн хэргээ далдлахын тулд Х-гийн нүцгэн зураг, биеийн эмзэг хэсгүүдийн зургийг авч, “Хэрэв зээ сая болсон явдлын талаар дэлгэвэл зөрүүлээд нүцгэн зураг, бичлэгийг нь тараана” гэж сүрдүүлсэн аж.
Угаас А.Ганхуяг нь үүнээс өмнө Л-г хүчиндэж, аманд нь бэлэг эрхтнээ чихэж, бичлэг хийж, зураг дүрс авч элэг доог хийсэн аж. Хүчингийн хэрэг үйлдэхдээ тэрбээр архи уусан байжээ. Мөн Х,Л нарт ч хүчээр архи уулгасан гэдэг. А.Ганхуяг нь хүчиндэх хэрэг үйлдэхээсээ өмнөх өдөр нь Х, Л нарыг хороололд дуудаж, шалгаж буй хэргийн талаар дэлгэж, бусдын бэлгийн харилцаанд орж буй бичлэгийг үзүүлсэн байдаг.
Ер нь А.Ганхуяг нь орой үдшийн цагаар хэрэгт холбогдсон охид, эмэгтэйчүүдийг шалтгаангүйгээр дуудаж, албан өрөөндөө цоожилж саатуулсан, бусдыг дур мэдэн баривчилсан, нэгжсэн, мөрдөн мөшгиж, эрх чөлөөг нь хязгаарласан гэх мэдээлэл ч ирсэн. Хамгийн гол зөрчлийн болон эрүүгийн хуулиар шалгах нөхцөл үүсээгүй байхад Л,Х нарыг нь удаа дараа дуудаж, уулзсан, бүр хууль бусаар хорьж цагдсан байгаа юм.
А.Ганхуяг нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны хоёрдугаар сарын 21-ний Б/170 дугаартай тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн III хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр томилогдсон аж. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Ганхуягийн үйлдсэн хэргээс гурвыг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, нийт 11 жил хорих ял оноожээ. Харин хэрэгт холбогдсон охиныхоо хэргийг нуун дарагдуулах зорилгоор А.Ганхуягт авлига өгсөн аавыг 2.7 сая төгрөгөөр торгосон байна.