НҮБ-ын гишүүн орнуудад байгаль орчны хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүрэг, зорилтоо биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг Даян дэлхийн байгаль орчны сан ирэх дөрвөн жилд манай улсад хэрэгжүүлэх төслүүдийнхээ талаар хэлэлцэж байна. Гурав хоног үргэлжлэх уг хэлэлцүүлгээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, газрын доройтол, хог хаягдалтай тэмцэх, ногоон хөгжилд ээлтэй хот бий болгох зэрэг “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт тусгасан зорилтот ажлыг эрчимжүүлэх, үр дүнг нь сайжруулах талаар нээлттэй ярилцаж буй аж. Даян дэлхийн байгаль орчны сан өнгөрсөн хугацаанд манай улсад 47.1 сая ам.долларын санхүүжилт бүхий 34 төслийг олон улсын есөн байгууллагын оролцоотой хэрэгжүүлжээ. Тэрчлэн бүс нутаг, дэлхийн хэмжээнд хэрэгжүүлсэн мөн тооны төсөлд Монголыг хамруулсан байна. Одоогоор хөдөө аж ахуй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх, ногоон хөгжилд ээлтэй хувийн хэвшил, старт-ап компаниудыг дэмжих, газрын доройтол бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд анхаарч буй гэнэ. Байгаль орчны салбарт гэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтвортой байдлыг хангах”, “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлыг хамгаалах” төслийг 13.2 сая ам.доллароор хэрэгжүүлж байгааг онцоллоо. Эхний өдрийн хэлэлцүүлэгт НҮБ-ын салбар болон олон улсын байгууллагуудын төлөөлөл, БОАЖЯ-ныхан оролцов.