Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын хорихоос өөр төрийн ял эдлүүлэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Болортулгад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүллээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 734 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоог нь шүүхэд шилжүүлэх санал гарган НПГ-т хүргүүлсний дотор дээрх шийдвэр гүйцэтгэгчид холбогдох хэрэг багтжээ. Тэрбээр Боловсролын зээлийн сангийн захирлаар ажиллаж байгаад ял шийтгүүлсэн П.Лхагвасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай тогтоолыг 2020 оны дөрөвдүгээр сарын 13-нд хүлээн авсан атлаа хууль зөрчин албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй аж. Улмаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг жил зургаан сарын дараа холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн нь хуулиар хүлээсэн үүргээ зориуд хэрэгжүүлэлгүй бусдад давуу байдал бий болгосон гэмт үйлдэл гэж үзсэн байна. П.Лхагвасүрэн Боловсролын зээлийн сангийн захирлаар ажиллаж байхдаа “Оршин суудаг газраасаа өөр аймаг, хотод суралцаж байгаа оюутны жилд хоёр удаа орон нутагтаа ирж, очих зардлыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу хөнгөлөх” заалтыг зөрчин “Сити” их сургуулийн оюутнуудын замын зардлын мөнгө 2016 онд 1.1 сая, 2017 онд 160 мянган төгрөг нэхэмжилсэн байхад тус сургуулийн данс руу 158.3 сая төгрөг шилжүүлж, зөрүү 157 саяыг нь бэлнээр авч Багшийн хөгжлийн ордонд байрлах Боловсролын зээлийн сангийн байрны засварт зарцуулж онц их хэмжээний хохирол учруулсан. Хүүгийнхээ байгуулсан “Мосс” ХХК-иар байгууллагадаа программ хангамжийн ажил хийлгүүлэх нэрээр халхавчлан ямар ч ажил үйлчилгээ явуулаагүй байхад нь оюутны замын зардал, буцалтгүй тусламжид олгох мөнгөнөөс 129.8 сая төгрөг шилжүүлэн авч төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан хэрэгт холбогдсон юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс П.Лхагвасүрэнд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 17 сая 640 мянган төгрөгөөр торгох ял шийтгэснийг дээрх шийдвэр гүйцэтгэгч биелүүлээгүй аж.