Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид зэрлэг гахай хууль бусаар агнасан зөрчил илрүүлжээ. Далай ээжийн баруун эрэг дагуух Онгологийн сайр хэмээх газарт ан хийсэн байж болзошгүй сэжигтэй ул мөрийг байгаль хамгаалагчид илрүүлж, холбогдох бусад байгууллагад мэдэгдэн, 10 хүнтэй шуурхай бүрэлдэхүүн ажиллуулсны үр дүнд гахай агнасан дөрвөн иргэнийг олж тогтоожээ. Тэднээс зөрчил үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл, буу, сум, уналга зэргийг нь хураан авч, Экологийн цагдаагийн албанд шилжүүлсэн байна. Ташрамд дурдахад, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар бол тусгай хамгаалалттай бүсэд ан амьтны тооллого хийх, тэдгээрийн тоо, нас, хүйс, сүргийн бүтцийг зохицуулах батлагдсан хөтөлбөр хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд амьтан агнах, барих, үргээх, үүр, ичээ, ноохойг нь эвдэж сүйтгэхийг хориглодог.