Манай орны төвийн аймгуудын зарим хэсэгт өчигдөр цас, бороо орж, ихэнх нутаг үүлэрхэг, сэрүүн байв. Тодруулбал, нийслэл болон Архангай, Булган, Дархан-Уул, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймгийн уулархаг хэсэгт цас, суурин газар болон нам дор бүсэд бороо оржээ. Улаанбаатарт гэхэд хотын төв, хойд хэсэг, Багануур дүүрэг орчимд бороо орсон бол Богдхан уул, Биокомбинат чиглэлд нойтон цас хаясан байна. Намрын сүүл мушгиж, өвөл хаяанд ирсэн үед бороо, цас холилдон орж буйг иргэд, олон нийт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын тогтворгүй байдалтай холбон тайлбарлаж буй. Өдийд бороо орох тохиолдол хэр элбэг байдгийг ЦУОШГ-ын Урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Тэргэлээс тодруулахад “Үүнийг яг одоо хэлэх боломжгүй. Өмнөх жилүүдийн мэдээллийг харьцуулж, дүн шинжилгээ хийж байж мэднэ. Энэ сарын 1-20 хүртэлх цаг агаарын ерөнхий төлөвийг харахад олон жилийн дунджаас хүйтэн өдөр элбэг, хур тунадас ахиу орсон байна” гэв. Харин тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийнхэн “Агаарын температурын изотерм дөрвөн градусаас дээш байвал бороо, тэгээс доошоо бол хатуу хур тунадас ордог. Энэ нь температураас шалтгаалдаг хэвийн үзэгдэл” хэмээн хариуллаа. Ташрамд дурдахад, өнөөдөр Монгол орны зарим бүсэд цас орж сэрүүсэх боловч 22-ноос ихэнх нутгаар дулаарах төлөвтэй гэнэ.
Бэлтгэсэн Н.Буян