Манай улс Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг 2024 он гэхэд бүрэн гаргах зорилт дэвшүүлээд буй бөгөөд ОХУ болон Японоос шаардлагатай тоног төхөөрөмж, хүн хүчний дэмжлэг авахаар болсон. Өнгөрсөн оноос хойд хөрштэй хамтран дадлага, сургуулилалт хийж эхэлсэн. Мөн Японы “Ниппон сэйлбэйж” компанийн мэргэжилтнүүд энэ оны долдугаар сараас Хөвсгөл нуурт ажиллаж, техник хэрэгслийг аюулгүй татан гаргах судалгаа хийж эхэлсэн юм. Тэгвэл уг ажлыг хариуцаж буй, БОАЖЯ, ОБЕГ-ын төлөөллөөс бүрдсэн манай улсын баг энэ өдрүүдэд Японд туршлага судалж байна. Мэргэжилтнүүд далай, тэнгисээс тээврийн хэрэгслийг татан гаргах, алба хаагчдыг авран хамгаалах, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, зөвлөлдөх уулзалт хийжээ. Тэрчлэн усны дрон, шумбагчийн хэрэгсэл, техник татах зориулалтын төхөөрөмжтэй танилцсан аж. Япончууд манай улсад шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээр хамтын ажиллагааны гэрээ байгуулаад буй билээ.
Бэлтгэсэн И.Мишээл