Барилгын болон сантехникийн засвар үйлчилгээ, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ардааган” компанийн захирал Э.Гантулга гурван тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсоныг шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ. Тэрбээр 2019 онд “Имаралт зоне” гэх компаниас хууль бусаар шивүүлсэн, нэмэгдсэн өртгийн татварт ногдох гурван тэрбум гаруй төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа, үйлчилгээг зориуд худал бүртгүүлж, НӨАТ-ын 111 ширхэг хуурамч падаан ашиглан бараа бодитоор худалдан авсан мэтээр татварын байгууллагад тайлан гаргаж өгсөн аж. Ингэснээр Э.Гантулга 301 сая төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн байна. Хууль хяналтын байгууллагаас уг хэргийг шалгаж, прокуророос Эрүүгийн хуулийн 18.3-т заасан “Татвар төлөхөөс зайлсхийсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх хэлэлцээд Э.Гантулгад хоёр сая төгрөгөөр торгох ял шийтгэж, татварт төлөөгүй 301 сая гаруй төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.