Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн багш, ажилчид, сурагчид айдастай, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж, суралцаж байна. Тус сургуулийн эзэмшил талбайд, хичээлийн байрнаас хэдхэн алхмын зайд “Суруга стандарт” ХХК нь “Токио таун-2” хорооллын барилгуудыг хэдийн барьж эхэлжээ. Газрын зөвшөөрлийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжлийн зөвлөлийн 14 дүгээр хурлаар дэмжиж олгосон аж. Тус газрын орлогч дарга М.Шижирбаяр гарын үсэг зурж, зөвшөөрлийг баталгаажуулсан байх юм. Ажил үргэлжилж буйтай холбоотойгоор том оврын ачааны машин сургуулийн хажуугийн гэрлийн шонг нь мөргөсөн байна. Мөн барилгаас ямар нэгэн зүйл унаж, хүүхдүүд гэмтэж бэртэх эрсдэл өндөр аж. Барилгуудыг барих ажил багцаагаар 50 хувьтай гэнэ. Барьж дуусгах хүртэлх хугацаанд энэ мэтээр осол гарсаар байх уу.
Уг хорооллын тухайд barilga.mn цахим хуудсанд дурдсаныг үзвэл “Орчин үеийн өндөр зэрэглэлийн орон сууцын цогцолбор” гэж ихэд сайн, сайхнаар бичжээ. Хороолол бариулж буй этгээдүүд оршин суугчдын тав тухыг хангах нь гол гэж үзсэн нь илт. Тэгсэн атлаа сургуулийн сурагчдын эрх ашгийг огтхон ч бодолгүй ажиллаж болно гэж үү.
Бэлтгэсэн Р.Жаргал