Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) дэлхий нийтийг хамарсан экологийн болон нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд түлхэц болох зорилгоор биологийн олон янз байдлын цогц судалгаа бүхий “Амьд ертөнцийн тайлан”-г тогтмол гаргадаг. Тус байгууллага 2016 онд гаргасан тайландаа дэлхий дээрх зэрлэг амьтдын тоо толгой 1970 оноос хойш 58 хувиар буурсан гэж дурдаж байв. Тэгвэл 2022 оны судалгаагаар хөхтөн, шувуу, хоёр нутагтан, мөлхөгч, цэнгэг усны амьтдын тоо сүүлийн 52 жилийн хугацаанд 69 хувиар буурсныг тогтоожээ. Эдгээрээс цэнгэг усны зүйлийн популяц 83 хувиар буурсан нь хамгийн өндөр үзүүлэлт болсон гэнэ. Мэргэжилтнүүд уг судалгааны дүгнэлтийг гаргахдаа 1970 оноос хойш хоёр жил тутам хийсэн ажиглалт, бүртгэлийн өгөгдлийг ашигласан бөгөөд дээрх таван ангийн 32 000 зүйлийн популяцыг хамруулжээ. Биологийн олон янз байдал Латин Америк болон Карибын тэнгис орчимд хамгийн их алдагдсан гэж дүгнэсэн байна. Тухайн бүсийн амьтдын тоо 94 хувиар цөөрчээ. Африкт 66, Ази, Номхон далайд 55, Хойд Америкт 20, Европ болон Төв Азид 18 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Судлаачид байгалийн нөөцийн зүй бус ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг давхар хямрал хэмээн тодотгоод “Биологийн олон янз байдлыг хамгаалахад улс орнуудын хүчин чармайлт тодорхой хэмжээнд хувь нэмэр үзүүлж буй ч хангалттай түвшинд үлгэрлэж чадахгүй байна” гэжээ.