Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр болж, шинээр байгуулсан хоёр намыг бүртгэх, эсэхийг хэлэлцлээ. Тухайлбал, Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ш.Сайхансамбуугийн хүсэлтийг хэлэлцээд бүртгэхээс татгалзсан байна. Ардын чуулган намаас 844 гишүүнтэй гэх мэдээлэл бүхий жагсаалт шүүхэд хүргүүлсэн бөгөөд уг жагсаалтад дурдсан мэдээлэл нь Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан шаардлага (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг) хангаж байгаа, эсэхийг нягтлахад 487 хүний мэдээлэл нь улсын бүртгэлийнхээс зөрүүтэй буюу улс төрийн нам 801-ээс дээш гишүүнтэй байх шаардлага хангаагүй гэж үзжээ.
Мөн Улсын эрх ашиг, тусгаар тогтнолын нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Г.Батжаргалын өргөдлийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн дээр дурдсан шаардлага хангаагүй, Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 35, 2022 оны 15 дугаар тогтоолоор татгалзсан үндэслэл арилаагүй байсан тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.
Энэ хоёр намаас гадна Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхийн гаргасан гэрчилгээнд мэдээлэл тусгуулах тухай хүсэлтийг хэлэлцээд ирүүлсэн баримт бичиг нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн, Улс төрийн намын тухай хууль болон холбогдох журамд заасан шаардлага хангаагүй тул бүртгэсэнгүй. Нийт шүүгчийн хуралдаанаар И.Мөнхжаргалаас ирүүлсэн эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай хүсэлтийг хэлэлцээд, уг асуудал Шүүхийн тухай хуулийн 25.7.4-т заасан “Улсын дээд шүүх хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох” гэсэн үндэслэлд хамаарахгүй, нийт шүүгчийн хуралдааны тогтоол нь эцсийн шийдвэр тул хүсэлтийг хүлээн авсангүй.
Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн тойргийн шүүх байгуулах асуудлаарх зөвшилцөх саналыг ч хэлэлцсэн юм.