Дайн болох сургаар нутгаасаа дайжсан оросууд Монголд нэлээд ирсэн. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дайн зарласан есдүгээр сарын 21-ний дараах өдрөөс хилээр нэвтрэх иргэдийн тоо огцом өссөн. Орос иргэд хоногт 800, 900 бүр мянгаараа Монгол Улсын хилээр нэвтэрсэн билээ. Тодорхой тоо хэлбэл, есдүгээр сарын 22-нд хилээр нэвтэрсэн иргэний тоо 967 болж өссөн. Харин өмнөх өдөр нь (2022.09.21) хилээр нэвтэрсэн иргэний тоо 370 байсан юм. Эл тоо өссөөр есдүгээр сарын 25-ны байдлаар манай улсын хилээр өдөрт нэвтэрсэн иргэний тоо 1192-т хүрсэн. Тэд мэдээж зэвсэгт мөргөлдөөнөөс зугтаж, Монгол ирж буй. Зарим нь үүнийгээ ил тод хэлнэ лээ. Гэхдээ Монголд ирсэн, буцах бодолгүй байгаа тэдэнд ажлын байр амьдрах орчин олдох уу гэдэг асуудал гарч байгаа юм. Тиймээс оросоос ирсэн иргэд ажил хайж, танил талынхаа хаалгыг тогшиж, арга чарга сурч яваа дуулдсан. Зарим нь зар түгээж, ажлын байр, удаан хугацаагаар түрээслэх орон сууц хайцгааж харагдсан. Хуульд зааснаар тэдний Монголоор аялах хугацаа сар буюу 30 хоног юм. Зарим нэг нь хугацаагаа дуусахаар хилээр гарах байх. Олонх нь Монголоос гарах бодолгүй, хэрэг төвөгт орооцолдоод ч болтугай үлдэх тухай нэг нэгэндээ ярьсан талаар эх сурвалж хэлсэн юм.
Тэдний эл яриа ортойг батлах нэгэн хэрэг өнгөрсөн сард гарсан. Тодруулбал, есдүгээр сарын 25-нд ОХУ иргэн Д хил дээр танилцсан Баянгол дүүрэгт оршин суудаг А-тай хамт иргэн Г-ийн гэрт зочлон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Улмаар иргэн Г-тэй маргалдаж улмаар дагзан тус газарт нь алхаар цохиж гэмтээсэн хэрэг гарчээ. Тухайн үед ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү энэ талаар “ОХУ-ын иргэн Д энэ сарын 22-23-нд шилжих шөнө манай улсад иржээ. Тэрбээр хил дээр танилцсан иргэний байрыг түрээслэхээр тохирч, 24-нд байранд нь ирсэн байна. Монгол Улсын иргэний танил Г-гийн дөрвүүлээ байсан. Гурав нь Монгол Улсын иргэн. Хоёр нь явж, иргэн Г, ОХУ-ын иргэн Д-тэй хоёул үлдсэн байхад хэрэг гарчээ. Мөрдөн шалгах ажил Баянгол дүүргийн Цагдаагийн газарт үргэлжилж байна. ОХУ-ын иргэн Д-г шүүгчийн тусгай зөвшөөрлөөр 48 цагийн турш саатуулах арга хэмжээ авсан” гэх мэдээллийг өгсөн. Харамсалтай нь, дагзандаа хүнд цохилт авсан манай улсын иргэн ГССҮТ-д эмчлүүлж байгаад, шархаа даалгүй нас барсан юм.
Тагнуулын ерөнхий газраас мэдээллийн мөрөөр тодруулахад “ОХУ-ын иргэд манайд шоронд орохоор ирж байгаа гэдэг мэдээллийг үгүйсгэсэн. Харин уг мэдээллийг ОХУ-ын талаас дайнаас дайжсан иргэдээ муучлах, нэр хүндийг нь унагах зорилгоор тараасан байхыг үгүйсгэхгүй хэмээх мэдээллийг өгсөн юм.
Харин манай Засгийн газар нутгаасаа дайжсан тэднийг алгаа дэлгэж тосож, аядуу зөөлөн хандахаа илэрхийлээд буй. Товчхондоо, Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалсан ажлын хэсгээс ОХУ-д зөөлөн бодлого баримтлана гэдгээ хэлсэн. Тодорхой хэлбэл, ажлын хэсгийн гишүүн Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр “Хоёр улсын хоорондын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Оросын Холбооны Улсын иргэд Монголд Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Хэрэв өөрсдөө хүсвэл дахин 30 хоног сунгуулж болно. Дээрх хугацаа дуусан тохиолдолд Монгол Улсын хилээр гарах, нутаг буцах ёстой. Гэвч ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор эдгээр иргэн цаашид Монгол Улсад түр хугацаагаар оршин суух хүсэлтийг олноор ирүүлж байна. Цаашид ч энэ тоо өсөх хандлага ажиглагдаж байна” хэмээсэн. Товчхондоо, Гадаадын иргэн харьяатын газраас хүссэн болгоных нь визийн хугацааг сунгаж, заримд оршин суух үнэмлэх олгож байгаа билээ.
Ямартай ч ОХУ-аас ирсэн иргэдийн дунд дайнд явж, үхэл хагацал туулснаас, бусад руу хүйтэн зэвсэг шагайснаас, Монголд шоронд орсон нь дээр гэх яриа гарсан бөгөөд энэ үйлдэл болоод байгаа юм.