Стандартын баримт бичгийн дагуу энэ онд 15 байршилд 4118 гэрэлтүүлгийн шон буюу гэрэлтүүлгийн ажлыг шинээр хүлээн авсан гэнэ. Гэхдээ гэрэлтүүлгийн шонгоос цахилгаан авснаас гэрэлтүүлгийн тусгал муудах гэх мэт зөрчил илэрсэн аж. Иймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон гэрэлтүүлгийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах шаардлагатайг Хотын стандарт, хяналтын газрынхан онцлов.
Сонгинохайрхан дүүргийн хувьд 21 мянган гэрэлтүүлэгтэй бөгөөд засвар, арчилгаа, үйлчилгээнд хоёр компани ажиллаж байна. Өмнө нь 13 мянган гэрэлтүүлэгтэй байсныг ийн нэмжээ. Гэр хороололд гэрэлтүүлэг 93-95 хувьтай байна гэсэн бол Баянзүрх дүүрэгт гэрэлтүүлэг 65 хувьтай байна. Сүхбаатар дүүргийн хувьд 17 мянган гэрэлтүүлэгтэй, 98 хувийн асалттай. Баянгол дүүрэг 7780 гэрэлтүүлэгтэйгээс 2580-ыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны гэрээт компани хариуцдаг. Үлдсэнийг дүүргийн хоёр аж ахуйн нэгж хариуцдаг. Асалт 91 хувьтай. 3000-4000-ийнх нь ашиглалтын хугацаа найман жил болсон тул гэрлийн толгой солих ажлыг дүүргээс үе шаттай хийж байна. Чингэлтэй дүүрэгт гэрэлтүүлэг 98 хувьтай байгаа аж.
Хан-Уул дүүргийн хувьд Яармаг, Нисэх зэрэг алсын гурван хорооны гэрэлтүүлэг сайн ч хуучирч, муудсан асуудал бий. Дүүргийн хөрөнгө оруулалтаар шинэчилж байгаа гэнэ. Энэ жил 400 орчим гэрэлтүүлэг шинээр тавьжээ. Орон сууцны хороололд мөн гэрэлтүүлэг тавих шаардлага үүсэж байгаа. Гэрэлтүүлгийн асалт 95 хувьтай байна. Налайх дүүрэг 1000 гэрэлтүүлэгтэй байсныг 6000 орчим болгож нэмжээ. Дүүргийн хувьд гэрэлтүүлэг 70 хувьтай байгаа. Багануур дүүрэг 2022 онд гэр хорооллын гэрэлтүүлгийг 25 орчим хувиар нэмэгдүүлж, 30 орчим хувь болгожээ. Багахангай дүүрэгт гэрэлтүүлэг 70 орчим хувьтай байна. Нэг гэр хорооллын гэрэлтүүлгийг шинэчлэх ажил хийсэн. Шинэ суурьшлын бүсүүд нэмэгдэж байгаа. Иймээс гэрэлтүүлэг нэмэх зайлшгүй шаардлагатай. Гэрэлтүүлгийн асалт 98 хувиас дээш байгаа аж.