Энэ оны аравдугаар сарын 10-ны өдрийн 18.53 цагт Баянзүрх дүүргийн нутаг “Олимп” хотхоны хойд замд 7 автомашин мөргөж, хүн гэмтээсэн ноцтой хэрэг гарсан. Үүний дагуу 19.12 цагт Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрыг хамгаалалтад авч, үзлэг шалгалтыг хийхэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны хойд замд 18.46 цагийн орчимд Toyota Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь замын эсрэг урсгалд орж, 7 автомашин мөргөж, замаас гарч явган хүний замаар явж байсан явган зорчигч “С” /12 настай, эмэгтэй/, “Э”/12 настай, эмэгтэй/ нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Тухайн осол, хэргийг үйлдсэн жолооч 1993 онд төрсөн, эмэгтэй “М” нь тухайн орой 18.00 цагийн орчимд найз залуу болох “Б”-г согтуугаар автомашин жолоодуулахгүй байх зорилгоор түүний төрсөн ахын эзэмшлийн Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа дээрх ослыг гаргасан байна. Жолооч “М” нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, осол хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй драйгер багаж үлээлгэж шалгахад 0,00 хувьтай гарсан. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар тогтоох зорилгоор түүний шээсэнд тусгай зориулалтын тест тавин шалгахад ямар нэгэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй гэнэ. Тиймээс нарийвчлан тогтоохоор түүний биеэс биологийн дээж болгон цус авч Шүүхийн шинжилгээний хүрээлэнд шинжлүүлэхээр болжээ. Явган зорчигч “С”-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилсон боловч дүгнэлт гараагүй байна. Харин Э-гийн бие нэлээд хүнд байгаа аж. Уг хэргийг ТЦА-аас ослын шалгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Ослын шалгааныг тогтоохоор шинжээч томилон ажиллаж эхэлжээ. Осол гаргасан эмэгтэй "Уулзвараар буцаж эргэх үйлдэл хийх үед дугуйн нь замын хашлага даваад, машинаа зогсоож чадаагүй" хэмээн мэдүүлжээ.