НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг энэ сарын 3-14-нд манай улсад ажилласан бөгөөд ахлагч Элина Штайнерте үйл ажиллагааныхаа урьдчилсан дүгнэлтийг өнгөрсөн баасан гарагт танилцуулсан юм. Тус ажлын хэсэг Монголд анх удаа ажилласныг тэрбээр тодотгосон. Тэд 12 хоногийн хугацаанд 21 байгууллагын үйл ажиллагаатай танилцан, эрх чөлөө нь хязгаарлагдсан 65 хүнтэй ганцаарчлан уулзжээ. Уг ажлын эцсийн дүгнэлтийг ирэх оны есдүгээр сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 54 дүгээр чуулганд танилцуулах юм байна.
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖ БАЙНА
Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдалтай холбоотойгоор Элина Штайнерте юуны өмнө сайн жишээнүүдийг онцоллоо. Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд 2020 онд өөрчлөлт оруулж, олон чухал шинэчлэл хийснийг дурдав. Уг хуулийн хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагааг өргөжүүлэн, тайланг нь УИХ-аар хэлэлцэж, төсвийг нь шийдвэрлэж байгааг сайшаалаа. Ялангуяа комиссын гишүүний сонгон шалгаруулалт, үйл ажиллагааг ил тод болгох чиглэлээр Монгол Улс зөв зүйтэй алхмууд хийж буйг онцлов. Харин цаашид үйл ажиллагааг нь илүү өргөжүүлэхийн тулд комиссын санхүүжилт, төсвийг нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэй хэмээлээ.
Түүнчлэн Монгол Улс Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль баталж, хэрэгжүүлж буй Азийн анхны орон болсныг Элина Штайнерте хэлэв. Тэрбээр “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль баталсан нь сайшаалтай. Гэсэн ч хэрэгжилт болон зарим заалтыг эргэн харах шаардлагатай байна. Тухайлбал, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.5, 8.1 дэх хэсэгт хүний эрх хамгаалагч нь үйл ажиллагаа явуулахдаа бусдын нэр хүндийг гутаахыг хориглосон агуулга тусгажээ. Хүний эрх хамгаалагч нь тухайн цаг үеийнхээ бодлого, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, шаардлагатай тохиолдолд эсэргүүцдэг. Гэтэл хуулийн дээрх заалтуудаар дамжуулан тэдний амыг таглаж, үйл ажиллагааг нь гэмт хэрэгт тооцож болзошгүй. Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хязгаарлаж, улмаар гэмт хэрэгт татаж болзошгүй уг заалт нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчиж байна” хэмээлээ.
ГЭРЧЭЭР ДУУДААД, СЭЖИГТЭН БОЛГОДГИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ЁСТОЙ
Монгол Улсын хууль хяналтын байгууллагынхан гэрчээр мэдүүлэг авахаар иргэдийг дуудаад, сэжигтэн болгодог үзэгдэл газар авсныг ажлын хэсгийнхэн анхаарууллаа. Түүнчлэн цагдаагийн байгууллагынхан тухайн иргэнийг дуудахдаа гэрч үү, сэжигтэн үү гэдгийг ихэнх тохиолдолд ил тод мэдээлдэггүй гэв. Үүнээс гадна иргэд цагдаад байцаалт өгөхийн тулд олон цаг, заримдаа бүтэн өдөр хүлээж, хүнд суртлыг биеэр мэдэрч байна хэмээлээ. Элина Штайнерте “Монгол Улс 2017 онд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Шинэчилсэн хуулийн дагуу цагдаа сэжигтнийг цагдан хорих хугацаа зургаан цагаас илүүгүй байна. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах хугацаа 72 цаг байсныг 48 цаг болгож бууруулсан нь эерэг өөрчлөлт. Гэвч тухайн иргэн зургаан цаг хоригдсоныг нь шүүхийн шийдвэргүй 48 цаг саатуулах хугацаанд оруулан тооцдоггүй. Ажлын хэсгийнхний олж мэдсэнээр дийлэнх тохиолдолд сэжигтэн 48 цагаас дээш буюу зөвшөөрөгдсөнөөс илүү хугацаагаар саатуулагддаг. Түүнчлэн сэжигтэн цагдаагийн газарт мэдүүлэг өгсний дараа явах эрхгүй байдаг талаарх мэдээллийг бид авсан. Олон улсад иргэнийг өөрийн зөвшөөрөлгүй саатуулсан тохиолдолд тухайн хүний эрх чөлөөг хассанд тооцдог” гэв.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсгээс Монгол Улсад шүүхийн шийдвэргүйгээр баривчлах асуудал газар авсныг анхаарууллаа. Тухайлбал, 2020 онд баривчлах ажиллагааны 99.3 хувийг шүүхийн шийдвэргүйгээр гүйцэтгэснийг Элина Штайнерте онцлов. Дараа жил нь буюу өнгөрсөн онд энэ тоо төдийлөн буураагүй бөгөөд 98.3 хувьтай байжээ. Ялангуяа Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар зэрэг мэргэжлийн байгууллага шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж байгаа нь газар авсанд санаа зовж буйгаа ажлын хэсгийнхэн илэрхийлэв. Түүнчлэн шүүхийн шийдвэргүйгээр баривчилдаг асуудлыг Засгийн газар яаралтай шийдвэрлэх ёстой гэлээ. “Монгол Улсад мөрдөн шалгалтын, хяналтын прокурорын, шүүхийн зэрэг бүх шатанд яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрөх нь чухал үүрэг гүйцэтгийг ажлын хэсгийнхэн анзаарлаа. Монголд нийт хэрэг шийдвэрлэлтийн 40 хувьд нь яллагдагч хэргээ хүлээсэн байна. Ихэнх оронд эрх зүйн тогтолцооны эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэм буруугаа хүлээсэн мэдүүлгийг ашиглах нь түгээмэл. Гэхдээ бодит баримтыг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахын оронд сэжигтнээр хэргийг хүлээлгэх арга байнга ашиглаж болохгүй. Сэжигтний хүсэл зоригийг нь мохоож, дарамт шахалт үзүүлэх, айлган сүрдүүлэх замаар хэрэг хүлээлгүүлэх тохиолдол олон гарч буйд ажлын хэсгийнхэн санаа зовж байна. Ийм асуудлыг даруй зогсоох нь зүйтэй. Монгол Улсын хуулиар сэжигтэн гэм буруугаа хүлээхээс өмнө хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Мөн баривчлах ажиллагаа явуулсан албан тушаалтнууд баривчлагдсан хүмүүст хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх бүрэн эрхийг нь мэдэгдэх үүрэгтэй. Гэсэн ч мөрдөгчид сэжигтнүүдийг дарамталж, айлгаж, гэрчээр өгсөн мэдүүлгийг нь ашиглан, хэрэг хүлээлгэдэг тухай өмгөөлөгчид болон хоригдлууд бидэнд хэлсэн. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд сэжигтнийг баривчилсны дараа тэдэнд хууль зүйн туслалцаа авах эрхийг нь тайлбарлах шаардлагатай. Мөрдөгч өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр сэжигтнээр хэргийг нь хүлээлгэсэн тохиолдолд шүүх үүнийг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашигламааргүй байна. Тодруулбал, өмгөөлөгч нь хэргийн материалтай бүрэн дүүрэн танилцах боломжоор хангагдах ёстой. Гэтэл ийм боломж бүрдүүлдэггүй. Ихэвчлэн хэргийг прокурорт шилжүүлэх үед өмгөөлөгч нарт хавтаст хэрэгтэй танилцах боломж олддог байна. Гэсэн ч тэд материалыг хуулбарлах, зургийг нь авах хориотой. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт бичсэн зүйлсийг гараар тэмдэглэн авах ёстой болдог. Тиймээс тэдний өмгөөллийн эрхийг зохих ёсоор хангах, үйлчлүүлэгчээ төлөөлөхөд шаардлагатай хугацаа, нөөц бололцоо, бусад материалыг олж авах нөхцөл бүрдүүлэхийг Засгийн газраас хүсэж байна” гэж Элина Штайнерте дурдлаа.
ХОРИХ АНГИУДЫН УЛААН ШУГАМЫГ УСТГАЯ
Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсгийнхний онцолсон бас нэг асуудал нь хорих ангиуд дахь улаан шугам байв. Монгол Улсад хорих ял шийтгүүлсэн хүмүүс ажил эрхлэх боломжтой. Түүнийхээ үр дүнд хорих ялаасаа хасуулдгийг Элина Штайнерте сайшаасан. Гэхдээ хорих байгууллагуудад маш хатуу дэглэм үйлчилдэг бөгөөд зарим асуудлыг Монгол Улсын Засгийн газар нэн даруй шийдвэрлэх шаардлагатайг онцлов. Тухайлбал, бүх хорих ангид хоригдол болон хянагч нарыг заагласан улаан шугам байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэлээ. “Монгол Улсад ял шийтгүүлсэн хоригдлууд ажил хийх боломжоор хангагдаж, ажилласан хугацаанаасаа хамаарч шагналын хоног авдаг юм байна. Сайн ажиллаж, дэг журмаа баримталсан бол ял эдэлж буй 30 хоног тутамд шагналын 10 хоног нэмж өгч байгаа нь сайшаалтай. Гэтэл сахилгын зөрчил гаргалаа гэж энэ хоногийг хасах тохиолдол их байна. Жишээ нь, хоригдлын өрөө бүрээс нэг метрийн зайтай улаан шугам татжээ. Хоригдож буй хүмүүс тэр улаан шугамыг давах ёсгүй. Улаан шугам нь хананаас нэг метрийн зайтай. Тэгэхээр хоригдож буй хүмүүс үргэлж хана дагаж явахаас өөр аргагүй. Хоригдлуудад шугам давах бүрт нь шийтгэл оногдуулна гэж сануулдаг. Түүнээс гадна улаан шугам дээр гишгэсэн гэж шийтгэдгийг олон хоригдол хэлсэн. Ингэснээр хоригдлууд арайхийн олж авсан шагналын хоногоо алдах, эсвэл хасуулахад хүрдэг юм байна. Тиймээс ажлын хэсгийнхэн хоригдлуудыг улаан шугамаар хязгаарладаг практикийг нэн даруй халахыг Монгол Улсын Засгийн газарт уриалъя. Мөн ажлын хэсгийнхэнтэй ярилцсан хоригдлуудаас хэнийг ч хэлмэгдүүлэхгүй байхыг хүсье” гэв.
Түүнчлэн хоригдлуудыг хугацаанаас нь өмнө суллах Арга зүйн зөвлөл хорих ангиудад байгааг Элина Штайнерте хэлсэн. Гэхдээ энэхүү зөвлөлийн үйл ажиллагаа, шийдвэр гаргах үйл явц ил тод биш байна гэв. Тиймээс Арга зүйн зөвлөлийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох журам гаргах нь зүйтэй хэмээлээ. Мөн ажлын хэсгийн зүгээс 405 дугаар хаалттай хорих ангийн үйл ажиллагаанд Засгийн газар анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатайг тэмдэглэлээ. Тус хорих ангид хүн бүрийг ганцаарчлан хорьж байгаа нь зохисгүй гэдгийг онцлов. Бас гав маш их хэрэглэдэг, тэр дундаа шаланд бэхэлсэн хөлийн гав ашиглаж, хоригдлуудын хөдөлгөөнийг хязгаарлаж байгааг таслан зогсоохыг уриаллаа.
Бэлтгэсэн М.Оч