Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан “Сансрын үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан төрийн ордонд болсон. Тус хуралдааны гол зорилго нь Монгол Улсад сансар судлал, сансрын технологийн салбарыг хөгжүүлэх, төрийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, холбогдох салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм. Дэлхийн олон орон сансрын холбооны болон тандан судалгааны өөрийн хиймэл дагуулыг олон талт хэрэглээндээ тулгуурлан үр өгөөжтэй ашигладаг. Энэ нь тухайн улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болдог билээ. Монгол Улсын сансар судлал, сансрын техник технологийг хөгжүүлэх, сансрын хог хаягдлын асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчны судалгаа хийх, бичил хиймэл дагуулыг зохион бүтээж, сансрын тойрог замд хөөргөн сургалт, судалгаанд ашиглах ажил амжилттай өрнөж байна. Мөн уг хуралдаанаар Монгол улсын 2 дахь сансрын нислэгийн төлөвлөгөө, Марс Ви төслийн явц гэх мэт сансар судлал, сансрын технологийн салбарт хэрэгжиж буй төслүүдийн тухай мэдээлэл, санал солилцож, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна.