Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн явцын хяналтын дүгнэлт хуралдаан болж төслийн удирдлагын багийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар 6 аймаг болон Улаанбаатар хотод баригдаж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдийн барилгын ажлын явцын талаар хэлэлцлээ.
Мөн хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх үйлчилгээг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх мэдээллийн болон тусгай хэрэгслийн хүртээмжийг сайжруулахад чиглэсэн төслийн үйл ажиллагааны талаар болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн хамтран хэрэгжүүлж буй олон талт арга хэмжээний талаар санал солилцлоо.
Олон улсын стандартаар хөдөө орон нутагт баригдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдийг хугацаанд нь чанартай барьж гүйцэтгүүлэх, барилга гүйцэтгэгч компаниудын ажилд хяналт тавьж ажиллахад анхаарах, хөгжлийн төвүүдийн удирдлагыг томилох, хүний нөөцийг бэлтгэх ажилд орон нутагтай хамтран ажиллах, цаашид төслийн үр өгөөж, цар хүрээг нэмэгдүүлэхэд чухал шаардлагатай асуудлуудыг Төслийн удирдах хороог хуралдуулан шийдвэрлэх талаар санал нэгдлээ.