НЗДТГ нь СU сүлжээг эзэмшигч “Премиум Групп” ХХК-тай нийслэлийн хүн амыг эрүүл хүнсээр хангах, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжихэд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Мөн хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжихэд анхааран ажиллах юм. Энэ хүрээнд НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү, “Премиум Групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганболд нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү “Санамж бичгийн хүрээнд CU сүлжээ дэлгүүртэй зургаан чиглэлд хамтарч ажиллахаар боллоо. Тус дэлгүүр нь Улаанбаатарт олон салбар дэлгүүрээр үйлчилгээ үзүүлж, шинэ үйлчилгээний соёлыг нэвтрүүлсэн. Хүнсний аюулгүй байдлыг хангаж, нийгмийн асуудалд хариуцлагатай хандан ажиллаж байгаа. Мөн иргэдийн ая тухтай үйлчлүүлэх боломжийг нээж, стандарт жишгийг тогтоосон. Нийгмийн хариуцлагын хүрээнд стандарт шаардлагыг шинэ түвшинд гаргасан, нийслэлийн иргэдэд чанартай, аюулгүй бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж байгаад талархаж байна” хэмээлээ. “Премиум Групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганболд “Хүнсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, ажлын байраар хангах, гарааны бизнесийг дэмжих зэрэг чиглэлд нийслэлтэй хамтарч ажиллана. Манай компанийн хэрэгжүүлж байгаа олон улсын туршлагыг Улаанбаатар хотын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, залуучуудыг ажлын байраар хангахын зэрэгцээ сургах, гэмт хэргээс сэргийлэх ажлын хүрээнд сурталчилгаа хийх зэрэг олон талт ажлыг хамтран хэрэгжүүлэх юм. Тухайлбал, 21 нас хүрээгүй хүнд архи, дарс, тамхи зарж болохгүйг сүлжээ дэлгүүрээр дамжуулан сурталчилна. CU брэнд 270 орчим сүлжээ дэлгүүртэй үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашид энэ тоо өснө. Манайд бүтээгдэхүүн нийлүүлдэг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд олон бий. Тэдгээрийг дэмжих, стандартад нийцүүлэх, борлуулалт хийж өгснөөр тухайн аж ахуйн нэгжийг хөгжүүлэх зэргээр хамтдаа хөгжих боломжийг зайлшгүй хангана” гэв. Нийслэлийн хэмжээнд 43.236 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ /ЖДҮҮ/ эрхэлж буй нь улсын хэмжээнд ЖДҮҮ эрхлэгчдийн 68 хувийг бүрдүүлж байна. Улсын хэмжээний хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг ЖДҮҮ эрхлэгчид эзэлдэг ч экспортын ердөө 2.4 хувийг, ДНБ-ий 18.3 хувийг бүрдүүлдэг. Иймд тус Санамж бичгийг байгуулснаар ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих, худалдан авалт, хоол, хүнсний ногооны үйлдвэрлэл, логистик, маркетинг, үйлчилгээний тэргүүний туршлага, ноу-хауг түгээх зэрэг олон ач холбогдолтой юм. Түүнчлэн ЖДҮҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн хүнсний болон монгол уламжлал, соёлыг агуулсан бараа бүтээгдэхүүнийг гадаад улсад байгаа CU салбар дэлгүүрээр худалдаалж зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах талаар Санамж бичигт тусгажээ.