Энэ сарын 10-нд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруун Алтан Өлгийн нэгэн хашаанд гоцтой хэрэг гарсан. Иргэдээс “Хүүхэд нь аавынхаа хоолойг зүсчихлээ” гэх дуудлагын дагуу цагдаагийнхан хэргийн газар шуурхай очсон. Улмаар тус тоотод суух 17 настай, эрэгтэй “М” гэгч нь согтуурсан үедээ төрсөн эцэг болох 51 настай “Б” гэгчийг олон удаа хутгалж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тодорсон. Хэргийг цагдаагийнхан шалгаж байна. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан /санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах/ гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан өсвөр насны яллагдагч М.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх өчигдөр хянан хэлэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...Өсвөр насны яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, ...Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах... гэсэн зорилтод нийцүүлэн үндэслэлээр өсвөр насны яллагдагчид 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.