Сэлэнгэ аймгийн Хушаат сумын айл өрхүүд дунд хүнсний ногооны тариаланч олон. Тус сум аймгийн төвөөсөө 100, Дархан-Уулаас 30 орчим км-ийн зайтай, төмөр замд ойрхон нь тариаланчдад ургацаа борлуулахад дэмтэй байжээ. Гэтэл өдгөө нөхцөл байдал өөрчлөгдсөн аж. Учир нь иргэд, аж ахуйн нэгжүүд талбайгаа томруулж, ялангуяа төмс, хүнсний ногооны нийлүүлэлтээ өсгөхийг хичээн, төр, засгаас ч хүнсний хангамжийг нэмэгдүүлэх уриалга гаргаж буйтай холбоотойгоор тариаланч улам олширсон гэнэ. Харин нийлүүлэлтээ өсгөхийн хэрээр борлуулахад асуудал тулгарчээ.
Энэ талаар Хушаат сумын нэгэн тариаланч “Манайх сүүлийн 10 гаруй жил төмс, хүнсний ногоо тарьж буй бөгөөд талбай, ургацын хэмжээгээ таван жилд дунджаар 40 хувиар өсгөсөн. Ингэхэд мэдээж зардал ч өссөн. Гэтэл бүтээгдэхүүнээ хангалттай үнээр борлуулах, эсвэл нөөцөлж чадахгүйгээс ашиг муутай хэвээр байна. Энэ жилийн ургацаас борлуулж чадаагүй 13 000 орчим тонн төмс, лууванг “дарчихаад” байна. Энэ долоо хоногийн байдлаар 35 кг-аар савласан лууванг 11 000, шар болон хүрэн манжинг 24 000-28 000, 40 кг-тай төмсийг 35 000 орчим төгрөгөөр бөөнд нь худалдан авч эхэллээ хэмээн тариаланчид ярьж байгаа ч авах хүн олсонгүй. Нэг кг лууванг 300, хүрэн манжин, төмсийг 800-870 төгрөгөөр борлуулах гээд чадахгүй байна. Хэт хүйтрэхээс өмнө ногоогоо зарах, эсвэл зооринд хийхгүй бол “шатах” нь” хэмээв. Хушаат сумд энэ онд 100 тоннын багтаамжтай зоорь барих ажлыг эхлүүлсэн ч ашиглалтад оруулж амжаагүй, өвлөөс өмнө хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байгаа гэнэ. Гэхдээ 100 тоннын багтаамж гэдэг сумын хэмжээнд хураасан төмс, хүнсний ногооны маш бага хэсгийг нөөцлөх дүн гэдгийг ЗДТГ-ынх нь мэргэжилтэн хэлсэн юм.
Нийслэлийн иргэдийг хямд ногоогоор хангах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор намарт шинэ ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Энэ намрын үзэсгэлэн худалдааны хамгийн том, магадгүй бүтээгдэхүүн нь хамгийн хямд байж болох цэг нь бидний нэрлэж заншсан “1000 машины зогсоол” гэхэд буруудахгүй болов уу. Тус зогсоолд 30 гаруй аж ахуйн нэгж, иргэн төрөл бүрийн хүнсний ногоо борлуулж буй. Сэлэнгэ, Өмнөговь, Төв аймаг гэсэн нэр бүхий асартай ч тухайн борлуулагчдын олонх нь орон нутгаас бөөнөөр авч ирсэн бүтээгдэхүүнийг дамжуулан худалддаг аж. Төмс, хүнсний ногоо борлуулагч н.Ганзүг “Манайх лууван, шар манжинг кг-ыг нь 1300, төмсийг 1200, байцайг 1500, хүрэн манжинг 2000 төгрөгөөр зарж байна. Бөөнд нь буюу 40 кг-аас дээш авбал кг тутамдаа 100 гаруй төгрөгөөр хямдруулах боломжтой. Бид орон нутгаас авчирч буй ногоог бөөнөөр нь худалдан авч, багахан хэмжээний ашиг нэмээд зардаг” гэсэн юм. Эндээс харахад, Хушаатад кг-ыг нь 300-гаар борлуулж чадахгүй лууван Улаанбаатарт 1300, 830-870 төгрөгөөр үнэлж буй төмс 1200, 850-ийн хүрэн манжинг 2000 төгрөгөөр нийслэлд худалдаж байна. Өөрөөр хэлбэл, луувангийн үнийг гэхэд даруй 1000 төгрөгөөр өсгөчихөж.
Үүнээс гадна хуучнаар Ялалтын талбай болон бусад байршилд хүнсний ногоо борлуулах цэг нээсэн. Тэнд зарж буй бүтээгдэхүүн бүр кг тутамдаа ногоочдын талбайгаасаа борлуулж буй ханшаас дунджаар хоёр, улмаар хүнсний зах, дэлгүүрийнх нь бүр 2-3 дахин үнэтэй гэхэд болно. Улаанбаатарт бүтээгдэхүүний үнэ ийнхүү нэмэгдэхийн зэрэгцээ борлуулалт, хадгалалтын орчин нь эрүүл ахуйн шаардлагад нийцэхээргүй байв. Тодруулбал, ногоог шороо, цемент дээр уутлан өрж, хайрагдахаас сэргийлэн навсгар эсгий, бусад материалаар хучсан бөгөөд зарим ногоо нь хүйтний улмаас харласан, муудаж, шарласан байна билээ.
Махны үнийн хувьд ч өчигдрийн байдлаар малчдаас богийн махыг кг-ыг нь 5000-6000, үхрийнхийг 8000 төгрөгөөр худалдан авч буйг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх “Малчин лавлах-109” цахим хуудсанд мэдээлжээ. Тэгвэл “Хүчит шонхор” захад өчигдөр хонины ястай мах кг нь дунджаар 7500, ясгүй нь 8000, үхрийн ястай мах 12 000, ясгүй нь 15 000 төгрөгийн үнэтэй байв. “Хүчит шонхор” бол махны үнэ хамгийн хямд байдаг цэг бөгөөд зарим зах, худалдааны төвд үүнээс кг тутамдаа 5000-7000 төгрөгөөр илүүгээр худалдах нь бий. Эдгээр нь манай улсад хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэгчээс хэрэглэгчдэд хүргэх төвлөрсөн дэд бүтэц, борлуулах цэвэрхэн зах, худалдааны төв байхгүйтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, ченжүүдийн оролцоотойгоор бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс нь авч, хэд хэдэн дамжлага дамжуулан, 2-3 дахин өндөр үнээр хаана ч, ямар ч нөхцөлд зардгийн илэрхийлэл юм. Уг нь ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний борлуулалтын орчныг сайжруулж, төмөр зам дагуу хөргүүртэй зоорь, агуулах, худалдааны төв ашиглалтад оруулна хэмээсээр цөөнгүй жил өнгөрлөө. Ингэснээр ченжийн оролцоог халж, шууд худалдааны суваг бий болгон, бүтээгдэхүүний үнэ ханш тогтвортой байх, малчид, тариаланчдын хөдөлмөрийг бодитоор үнэлэх боломж бүрдэнэ гэж байв. Энэ талаар дээрх яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтнүүдээс тодруулахад “Ченжийн оролцоог шууд халж, төр бүтээгдэхүүн тээвэрлэн, борлуулах боломж хомс. Иргэдийн үндсэн хүнс гэж болох мах, ногооны үнийг аль болох хямд байлгах, малчид, тариаланчдын орлогыг сайжруулах зорилгоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, махны нөөц бүрдүүлдэг. Тухайлбал, мах бэлтгэж нөөцлөхөд зээл олгохын зэрэгцээ үзэсгэлэн худалдаанд ногоочдыг үнэгүй оролцуулдаг. Түүнчлэн зоорийн багтаамжийг өсгөх зорилгоор шаардлага хангасан аж ахуйн нэгж, иргэдэд хөнгөлөлттэй зээл олгож байгаа. 2022 оны байдлаар улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны 7300 барилга байгууламж бүхий 253 800 тоннын багтаамжтай зоорь бүртгэгдсэн. Уг тоо 2020 онд 225 000 тонн байсан. Харин төмөр зам дагуу тодруулбал, Баянгол дүүрэгт “Гурвалжингийн гүүр” орчимд ложистикийн төв барихаар төлөвлөж байсан ч ахиц алга. Учир нь санхүүжилт олоход хүндрэлтэй байна” гэлээ. Үүнээс гадна Хөдөө аж ахуйн бирж мал болон газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулна хэмээн яриад олон жил болсон ч мөн л үр дүнд хүрсэнгүй. Тус биржийнхэн “Мах, төмс, хүнсний ногоо, улаан буудайн арилжаа зохион байгуулах боломж одоогоор байхгүй. Энэ нь дэд бүтэц, ложистик, зоорийн багтаамж муутай холбоотой. Дотоодод эдгээр бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан борлуулбал зардал ихсэн, үнэ нь улам нэмэгдэх тооцоо ч гарсан. Харин экспортлох тохиолдолд арилжаа зохион байгуулж болно” гэсэн юм. Эндээс харахад мах, хүнсний ногооны үнэ намарт хямдарч, өвөл, хаварт тэнгэрт хадсаар, малчид, тариаланчдын олох ашиг бага, хэрэглэгчдийн төлөх төлбөр өндөр хэвээр байх нь. Түүнчлэн чанарын шаардлага хангаагүй, эрүүл ахуйн стандартад нийцээгүй орчинд үзэсгэлэн худалдаа нэрийн дор хүнс борлуулдгийг хянах шаардлагатай нь ч харагдаж байна.