“Мандал эрсдэлийн форум”-ыг “Мандал даатгал” компаниас “Шангри-Ла” зочид буудалд өчигдөр зохион байгууллаа. Эдийн засгийн цаашдын төлөв байдлын талаарх шинжээчдийн таамаглалыг хүргэж, бизнес эрхлэгчдэд учирсан эрсдэл, бий болсон боломжуудын талаарх хэлэлцүүлэг өрнүүлсэн тус форумын үеэр “Мандал ассет менежмент” компанийн гүйцэтгэх захирал Г.Ганзориг “Дэлхийн эдийн засгийн хямралын эрсдэл” сэдэвт илтгэл тавьсан юм. Тэрбээр “Украинд өрнөж буй дайн, АНУ-ын мөнгөний бодлогын нөлөө, Хятадын аггрессив бодлого зэргийг анхаарах хэрэгтэй. Дэлхийн нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн өртөг өндөр болж байна. Хөгжиж буй зах зээл рүү орох хөрөнгө оруулалт буурсан. Иймээс Монгол Улсыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт цаашид нэмэгдэнэ гэж төдийлөн хүлээх хэрэггүй. Инфляцын түвшин өндөр байгаа нь цаашид үргэлжлэх төлөвтэй зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэх нь зүйтэй” хэмээн өгүүлэв.
Түүнчлэн “Мандал санхүүгийн нэгдэл”- ийн ерөнхий эдийн засагч Г.Батзориг ам.долларын ханшийн эрсдэлийн талаар “2021 онд ам.долларын ханш 2850 төгрөг байсан бол энэ жил 3360-д хүрсэн. Зах зээлд нийлүүлсэн мөнгө импортоор гарч, валютын нөөц буурсан. Уг нөөц импортын зургаан сарын хэрэглээг хангах түвшинд байх ёстой. Гэтэл өдгөө гурван сарынхыг ч хангахгүй хэмжээнд хүрсэн. Валютын нөөцийн хувьд “улаан гэрэл” ассан” хэмээн тэмдэглэв. Монголбанкнаас зарласан албан ханшаар энэ оны эхэнд ам.доллар 2849.34 төгрөгтэй тэнцэж байсан бол өчигдөр 3365.4 болж өсөөд буй юм.
Улс орнуудад инфляц өссөнтэй холбоотойгоор Монголын гаднаас бүтээгдэхүүн импортлох үнэ нэмэгдсэн. Нөгөөтээгүүр, хөрөнгө оруулалтын импорт тухайлбал, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой худалдан авалт өссөн нь “ногоон”-ы ханшид нөлөөлж буй аж. Г.Батзориг “Монгол Улс хүнд нөхцөл байдлын өмнө байна. Ирэх онд бондын төлбөрөө төлж чадахгүйд хүрэх магадлалтай ч дахин санхүүжилт татах боломжтой. Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахыг үгүйсгэхгүй” гэв. Хэлэлцүүлгийн үеэр хэрэв Монгол Улс дахин санхүүжилт татвал өртөг нь маш өндөр байх эрсдэл бийг оролцогчид дурдаж байлаа. “Мандал санхүүгийн нэгдэл”- ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг “АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэх нь тодорхой байсан тул Монгол Улс өнгөрсөн хавар хүү бага байх үед 1-2 тэрбум ам.долларын бонд арилжих нь зөв байжээ гэж харамсаж байлаа” хэмээн өгүүлэв. Дэлхийн хамгийн том эдийн засагтай тус улсын Төвбанк бодлогын хүүгээ дахин нэмэх хүлээлт бий юм. АНУ-ын мөнгөний бодлого хатуурч, хэрэглээгээ хумьж буй нь бусад оронд цаашид нөлөөлөхийг оролцогчид мөн хэлж байлаа. Түүнчлэн олон улсын индексүүд буурсан, цаашид ч уруудах хүчин зүйлс хэдийн бүрдсэн гэнэ. Бас өдгөө түүхий эдүүдийн үнэ “хөөсөрсөн” хэвээр байгаа ч ирээдүйд доошлох төлөвтэй, Монгол руу мөнгө гуйвуулах нь багасах зэрэг эрсдэл бий аж. Гэхдээ нөгөө талаар аливаа эрсдэлээс боломж олж харах нь зүйтэй гэж байлаа. Монгол Улсын хэмжээнд бодитоор оршиж буй эрсдэлүүдийг судалж шинжлэн илрүүлэх, тэдгээрийг удирдах арга замыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэн боловсруулах, улмаар гарсан үр дүнг олон нийтэд мэдээлэх замаар нийгмийн эрсдэлийн удирдлагын боловсролыг хөгжүүлэх зорилготой, 2010 оноос хойш зохион байгуулж буй эл форумд жил бүр томоохон компаниудын шийдвэр гаргах түвшний 300 гаруй төлөөлөл оролцдог юм.