ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сарын 20-доор цэргийн дайчилгаа зарласны дараа тус улсын иргэд олноороо гадаад улс руу гарах болсон. Манай улс руу ч цөөнгүй иргэн нь хууль журмын дагуу хилээр нэвтрэн орж ирээд буй билээ. Тэгвэл улсын хил зөрчин орж ирсэн тохиолдол ч байна. Түүнд шүүхээс торгох ял шийтгэжээ. Хойд хөрштэй хил залгаа баруун аймгийн нэгэн сумын нутаг дахь хилийн зурвасаар өнгөрсөн сарын 26-нд ОХУ-ын иргэн Д Монгол Улсын хилийг зөрчин орж ирсэн аж. Түүнийг хилчид саатуулахад гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 19.14-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр хил нэвтэрсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд орон нутаг дахь Сум дундын шүүхээс түүнийг гурван сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр цэргийн дайчилгаанаас зугтаж манай хилийг зөрчиж орж ирснээ мэдүүлсэн гэнэ. ОХУ-ын иргэний аюулгүй байдлын үүднээс хэрэг гарсан газар, шийдвэрлэсэн шүүхийг мэдээлэхгүй байх нь зүйд нийцэх болов уу.
Бэлтгэсэн А.Дайчин