Эцэг, эхчүүд хүүхдүүддээ ямар хүнс идүүлж байна вэ. Ходоодыг нь цатгаж байна уу, аль эсвэл амт тааруу байж болох ч организмд нь, өөрөөр хэлбэл, эрүүл өсөж, хөгжихөд нь тустай эрдэс, аминдэмээр баялаг, эд, эсийг нь тэжээх хоол идүүлдэг үү. Өглөө бүр цай уулгаж байгаа юу. Эсвэл яаран аваад гардаг уу. Өдөр юу идэж байгаад нь санаа тавьдаг уу. Гэртээ ямар хоол хүнс бэлтгэдэг вэ. Хүүхэд юу идэж байгаагаас биеийн төдийгүй оюуны өсөлт, хөгжил хамаарна гэдгийг ойлгодог уу.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн сард ерөнхий боловсролын сургуулийн орчинд худалдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн юм. Уг шалгалтад сургуулийн орчинд үйл ажиллагаа эрхэлж буй, жижиглэн худалдааны 904 газрыг хамруулсан. Эдгээрийн 152 буюу 17 хувь нь түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ) бөгөөд 147 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллагынхан нийт 1442 зөрчил илрүүлэн, 1004 буюу 69.6 хувийг арилгуулж, улсын байцаагчийн 256 заалттай 58 албан шаардлагаар зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгч, 28 акт, 23 дүгнэлт, 29 албан даалгавар, 86 зөвлөмж үйлдэж, 65 газрын үйл ажиллагааг зогсоосон гэсэн мэдээллийг МХЕГ-аас авсан юм.
Олон зөрчил байсны дотор хамгийн гол нь 233 ТҮЦ буюу 26 хувь нь хүүхдэд худалдахыг хориглосон хүнс зарж борлуулж байжээ. Энэ нь ямар хүнс вэ гэхээр Эрүүл мэндийн сайдын өнгөрсөн оны А/370 тушаалд дурдагдсан дараах хүнсний бүтээгдэхүүнийг хэлж буй юм. Үүнд бүх төрлийн хийжүүлсэн болон энергийн ундааг хамгийн трүүүнд дурдсан. Байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа бас бий. Өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейлийг ч нэрлэсэн. Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттаныг хориглосон. Үүнд эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу буй. Чипс хэмээх шарж, давсалсан төмс, попкорн гэх эрдэнэ шишийн хөөс, давсалсан, бүрсэн самар ч багтсан. Бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймонг мөн хориглосон.
Бас шошгын мэдээлэлд үндэслэн энгийн, нүүрс ус ихтэй (100 граммд 10 г ба түүнээс их чихрийн агууламжтай) хатаасан жимс, бүх төрлийн чихэр, 100 граммд 450 мг натри буюу 1.1 граммаас их давс агуулсан хүнс, ханасан өөх тос, транс тосны тодорхой хувийн агууламжтай бүх төрлийн бүтээгдэхүүн болон зарим мөхөөлдсийг хориглосон. Энд бичсэнийг хараад, гэртээ байгаа болон хүүхдийнхээ сургууль орчмын дэлгүүрт худалддаг хүнсний тухайд бодоод үзнэ үү. Өөрсдөө идэж, хүүхдүүддээ өгч болох хүнс байна уу.
Дээрх шалгалтын явцад 221 ТҮЦ буюу 24.4 хувь нь савласан он, сар, өдрийг бичээгүй бүтээгдэхүүн худалдаж байсан аж. Мөн 215 нь хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн бараа зарж байжээ. Хадгалалтын горим, нөхцөл, шаардлага мөрдөөгүй бүтээгдэхүүнтэй 121, гарал үүсэл тодорхой бус, улмаар гарал үүсэлгүй бараатай нь 74, баталгаажилтгүй, хориглосон сав, баглаа боодол, нийлэг хальсан уут хэрэглэсэн бүтээгдэхүүн худалдсан ТҮЦ 68 байсан ажээ.
Тиймээс хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 111 нэр, төрлийн, 1.7 сая төгрөгийн, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 201 нэрийн, 1.6 орчим сая төгрөгийн хүнсийг устгуулахаар болжээ. Бүх аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 1052 хүнд сургуулийн орчинд хүүхдэд худалдахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг түгээж, хориглосон бүтээгдэхүүний хор уршгийн талаар 990 хүнд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ. Мөн 758 худалдаа эрхлэгчид зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн хүүхдэд худалдахыг хориглосон хүнсний талаарх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг 779 газар байршуулжээ.
Иргэд энэхүү шалгалтын тухай мэдсэн үү. Амьдралдаа тусгаж авч байгаа болов уу. Хүүхдүүд нь сургуулийнхаа ойр орчмын дэлгүүрээс юу худалдан авч идэж буйд хяналт тавьж байгаа юу. ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас сургуулийн орчинд хүүхдэд худалдахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний талаар телевиз, фэйсбүүк, вэб сайтаар явуулдаг мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг анзаардаг уу. Ач холбогдол өгч тогтож уншдаг уу. Хэрвээ үгүй бол энэ мөчөөс эхлэн хүүхдүүддээ ямар хоол хүнс идүүлбэл зохистой талаар судалж, мэдэн, мөрдөхийг зөвлөж байна.
Монгол Улс зүрх, судас, элэг, хоол боловсруулах эрхтний өвчтэй хүмүүсийн (хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтээр) тоогоор дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг. Үүний араас сүрьеэ, чихрийн шижин ч нэмэгдэх хандлагатай болсныг ЭМЯ-наас өгч буй мэдээллүүдээс харж болно. Хүүхдүүд өнөөдөр эрүүл харагдаж болох юм. Маргааш, дараа жил, таван жилийн дараа нэг бус өвчтэй болсон байх шалтгаан нь өнөөдөр идэж буй хүнстэй холбогдоно. Хүүхдэд худалдахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтын тэргүүн эгнээнд буй бүх төрлийн хийжүүлсэн ундааг аваад үзье. Чихэр нь шүд амархан муутгана. Шүд муу бол хоолоо сайн зажилж чадахгүй. Ходоодонд бүхэл хоол ороход боловсруулж дийлэхгүй. Бүдүүлгээр ярихад, машины дугуй хий эргэдэг шиг ходоод дэмий ажиллаж ихээхэн хэмжээний хүчил, шүлт дэмий зарцуулагдаж, улмаар аль нэгнийх нь, эсвэл хоёулангийнх нь чадавх, нөөц багасаж эхэлнэ. Ходоод муудвал нарийн гэдэс, бүдүүн, шулуун гэдэс адилхан өртөнө. Ундаан дахь хий яс сийрэгжүүлнэ. Сийрэгжсэн яс амархан хугарна. Энергийн ундаа гэж бас нэгэн бизнес буй. Энэ нь зүрх, судасны ачааллыг огцом нэмэгдүүлдэг тул хормын төдийд үхэлд хүргэдэг. Оюутнууд улирлын шалгалтын үеэр өдөржин, шөнөжин сууж хичээл давтахдаа нойроо сэргээж, эрч хүч сэлбэх зорилгоор уугаад амиа алдсан тухай мэдээлэл нэг бусыг уншиж байлаа. Эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу гэж буй. Аюулгүй орчинд үйлдвэрлэж, тээвэрлэсэн ийм бүтээгдэхүүнийг зохих хэмжээгээр идэх нь эрүүл мэндэд хоргүй, байвал зохих хүнс хэмээн ДЭМБ үздэг. Зохих гэдэг нь байнга идэхийг хэлэхгүй. Хэрвээ үргэлж хэрэглэвэл гурил нь ч, чихэр нь ч, крем хэмээх өндөг, тосны нэгдэл нь ч ходоодонд ормогцоо нүүрс ус болон хувирч, организм дахь глюкозын хэмжээг эрс нэмэгдүүлснээр чихрийн шижин хэмээх өвчний суурийг бүрдүүлдэг байна. Хүүхдээ багаас нь ийм өвчтэй болгохын хэрэг юун. Чихрийн шижин хүндэрвэл хараагүй болох, хөл, гараа тайруулах гэх мэтийн үр дагавартай.
Манай улсад ердөө 2000 оноос өмнө бий болсон чипс хэмээх шарж, давсалсан төмс ходоодны шарх үүсгэнэ. Мөн давс ихтэй. Манай улс тархинд цус харвах эмгэгийн нас баралтаар дэлхийд 1-3 дугаар байрт ордог. Артерийн даралт ихсэх өвчний гол хүндрэл нь тархинд цус харвах эмгэг бөгөөд уг өвчний эрсдэлт хүчин зүйлийн нэг нь хоол хүнсэн дэх давс гэдгийг ЭМЯ-наас сануулсаар байдаг. Монголчууд бид хоол хүнсэндээ давс ихээр хэрэглэдгийг судлаачид хэдийн тогтоосон. Монгол хүний өдөрт дунджаар 9-11 г давс хэрэглэж буй үзүүлэлт нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс гурав дахин их гэдэг. Энэ тухай мэдсээр байж хүүхдүүдээ сургуулийн наснаас нь артерийн даралт ихсэх өвчний суурьтай болгоод яах вэ.
Бүх төрлийн бэлэн гоймонг сургуулийн орчинд худалдсаар байна. Бэлэн гоймон давс их агуулдаг тул дээр бичсэнтэй адил муу үр дагавартай. Нүүрс ус ч ихтэй аж. Үүний сацуу энэ төрлийн гоймонгийн найрлагад организмд хэрэгтэй шим тэжээл болох аминдэм, ширхэглэг болон эрдэс бодис зэргийг агуулдаггүй. Иддэг хүмүүс “Сайхан боллоо” гэдэг нь цадаж буй хэрэг бус, гэдэс нь хийгээр дүүрч байгаа нь тэр гэнэ. Улмаар идмэгц жин нэмсэн байдаг нь хагас боловсруулсантай нь холбоотой. Ийм төрлийн гоймонг ердийнхтэй харьцуулахад ходоодонд хоёр цагаар илүү хугацаанд “амьдардаг” гэнэ. Ингээд жагсаагаад байвал байнга идвэл зохилтой, организмд тустай хүнсийг сургуулийн орчинд худалддаггүйг харж болно.
Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ өдөр тутмын хоол хүнсэнд онцгой анхаарч, харин ЭМЯ-ныхан гаргасан тушаал, журмынхаа хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжлийн хяналтынхан нэг удаа шалгалт хийгээд орхих биш, хяналтыг удаа дараа ажил хэрэгтээ тусгаж, хэдэн талаас хамтарч байж сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэндэд хоргүй хүнсний бүтээгдэхүүн худалддаг болгох биз ээ. Сургуулийн орчинд чанаргүй хүнс худалдаж буйг олон жил ярьж, хэлэлцсэн. Үүний дүнд Эрүүл мэндийн сайд өнгөрсөн жил А/370 тоот тушаал гаргаж, сургуулийн орчинд худалдахыг хориглосон хүнсний жагсаалтыг баталсан. Гэсэн ч өнөө хэр байдал төдийлөн дээрдсэнгүй. Тэгэхээр цаашид яах вэ. Мэргэжлийн хяналтынхан хааяа шалгаж, сануулга, зөвлөмж өгөхөөс хэтрэхгүй байх юм уу. Аль эсвэл дорвитой арга хэмжээ авах ёстой юу. Ер нь гудамжинд, ялангуяа сургуулийн орчинд ТҮЦ хэмээх жижиглэнгийн худалдаа байлгах хэрэгтэй юү. ТҮЦ-ээр амьжиргаа залгуулагчдын холбооныхны эрх ашиг чухал уу, нийт хүүхдийн эрүүл мэнд илүү юү гэдэгт хариу өгөх цаг ч болсон мэт.
Агаар, хөрсний бохирдол, техник, технологийн хөгжлийн сөрөг үр дагаврууд гээд хүнсний аюулгүй байдалтай цугт нь авч үзэх хүчин зүйл олширсон. ТҮЦ-үүдийг хориглохын өмнө сургуулийн орчны худалдааны газруудын стандарт боловсруулж, мөрдүүлэн, зөрвөл хариуцлага тооцох замаар хүнсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна.