Өмгөөлөгч Б.Баасанцогт болон шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, “Номин холдинг” ХХК-ийн cанхүүгийн бизнес хариуцсан захирал И.Галбуян нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдрөөс хэлэлцэж байна. НПГ-аас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарт албан тушаалаа урвуулсан, бусдаар дамжуулан хахууль авсан, “Номин холдинг” ХХК-ийн cанхүүгийн бизнес хариуцсан захирал И.Галбуяныг бусдад хахууль өгсөн, “Улаанбаатар импэкс” компанид хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн. Харин Б.Баасанцогтыг хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон, биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэх үндэслэлээр буруутгаад буй билээ. И.Галбуяныг хахууль өгсөн үндэслэлээр яллагдагчаар татсан шалтгаан нь “Ариг” банк, “Улаанбаатар импэкс”-ийн хооронд өрнөсөн хувьцааны маргаантай холбоотой хэргийг өөрсдийн талд ашигтай шийдвэрлүүлэхээр дээрх хоёр шүүгчид Б.Баасанцогтоор дамжуулан хахууль өгсөн гэж буруутгаж буй. Дугаар шилжих мөчид шүүгдэгч дөрвөн хүний мэдүүлгийг сонсож дуусаагүй байв. Хурал өнөөдөр үргэлжилнэ.