Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Хүнд суртлын индекс” судалгааны 2021 оны дүнг өчигдөр танилцууллаа. Тус индекс 2.72 үнэлгээтэй гарсан бөгөөд цар тахлын өмнөх үеийнхээс төрийн үйлчилгээний хүнд суртал ихэссэн нь харагджээ. Орон нутаг, нийслэлийн 751 аж ахуйн нэгжийн төлөөлөл судалгаанд оролцон, төрийн байгууллагууд уялдаа холбоогүй, үйлчилгээ авахад цаг их зарцуулдаг нь хүндрэл учруулдаг гэсэн байна. Мөн мэдээлэл нь ил тод биш, хүртээмжгүй, аливаа зөвшөөрөл авахад төвөгтэй, худалдан авах ажиллагаанд оролцоход бэрхшээлтэйг ч тэмдэглэжээ. Түүнчлэн төрийн нэг үйлчилгээ авахдаа бизнес эрхлэгчид дунджаар зургаан баримт бичиг бүрдүүлж, гурван албан хаагчтай харилцан, 13 хоног зарцуулж, 360 мянган төгрөгийн зардал гаргадаг гэв. Бас бизнес эрхлэгчдийн 45 хувь нь дунджаар 219 мянган төгрөгийг албан бусаар төлсөн гэсэн байна. Судалгаанд оролцогчдоос 94 аж ахуйн нэгж төрийн байгууллагууд хууль, дүрмийн зөрчил гаргасан гэсэн бол гурван бизнес эрхлэгч тутмын нэг нь гомдол мэдүүлснээ дурджээ. Гэтэл гаргасан гомдлынх нь ердөө найман хувийг шийдвэрлэсэн аж. Харин бизнес эрхлэгчдээс 41 орчим хувь нь төрийн үйлчилгээний “E-Mongolia” системийг ашигласан ба үүнд 3.46 үнэлгээ өгч, уламжлалт үйлчилгээнээс илүү хэмээн тодорхойлсныг дээрх судалгаанд дурджээ.