“Монгол Улсад гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна” гэж дарга нар хэлж ирснийг та бүхэн бараг 10 жил сонссон биз дээ. Улстөрчид сонгууль дөхөхөөр л ядуусаа санадаг, амьдралыг нь “сайжруулчих” гээд сэдсээр ирсэн олон мэргэн арга нь боть ботиороо хэвлэгдэж, хэр сайн ажилласныг нь илтгэн ширээнийх нь буланд хэвтэж буй нь бодит үнэн. Дараагийн сайд, дарга нь ажлаа аваад тэр ботийг нь ч нээлгүй дахиад л гайхамшигтай зүйл санаачилна. Ийм гинжин хэлхээ үргэлжилдэг ч иргэд ядуу хэвээрээ үлдэж, эрхэм дарга нар тушаал ахидаг жамтай. Иргэд ядуугаараа үлдэж буй нь улстөрчдөд ашигтай байна уу гэсэн эргэлзээ ч төрүүлнэ.
Саяхны жишээ. Хамгийн доод түвшний орлоготой 1520 айлын нэг гишүүнийг хөдөлмөр эрхлэхэд бэлтгэн, тухайлбал, үсчнээр сургаж, шаардлагатай тоног төхөөрөмж, ажлын байраар нь ханган, амьдралын чанарыг нь дээшлүүлнэ гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өнгөрсөн сард болсон “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр мэдээлсэн юм. Түүнчлэн хоёр жилийн хугацаанд ар гэрийнхэнд нь тусламж, дэмжлэг үзүүлэх замаар тухайн өрхийг ядуурлаас гаргана гэж тэрбээр мэдэгдсэн. Энэ үеэр дээрх айлуудыг “улны” хэмээн доромжилсныхоо хариуд сайдын суудлаасаа огцорсон билээ. Яамнаас явуулж байгаа эл шийдэл байгаа оносон уу, үнэхээр ядуурлаас ангижрах зөв арга мөн үү. Ядуурлын эсрэг тэмцэж ирсэн “түүх”-ээ харвал ямар үр дүн гарсан бол.
Сайд асны хэлснээр бол 1520 өрхөд хэрэгжүүлэх дээрх арга хэмжээ нь Монгол Улс ядуурлыг “ялах” гол загвар болох учиртай байсан гэнэ. Ямар судалгаа, жишээн дээр үндэслэн ийм загвар боловсруулав. Үндэсний статистикийн хороо болон Дэлхийн банкны хамтарсан “Ядуурлын дүр төрх-2020” судалгааны үр дүнд тулгуурлан дээрх шийдлийг боловсруулснаа Д.Сарангэрэл мэдээлсэн. Түүнчлэн уг судалгааг “Манай улсад анх удаа хийсэн” хэмээн тодотгосон юм. Ядуурлын чиглэлээр хийсэн хамгийн сүүлийн, томоохон судалгаа нь энэ гэнэ. Үүнд 2010-2020 оны нөхцөл байдал буюу 10 жилийн үзүүлэлтийг хамруулсан гэх. “Ядуурлын түвшин 2020 онд 27.8 хувь болсон. Ойролцоогоор нийт хүн амын 903.4 мянга нь ядуу амьдарч байна. 2020 оны байдлаар үндэсний ядуурлын шугам 184 747 төгрөг” хэмээн уг судалгаанд дурджээ. Түүнчлэн цаашид ядуу болох магадлалтай хүн амын тоог 467 мянга хэмээн тогтоосон байна.
2020 онд хийсэн судалгаанаас хойш цар тахлаас улбаатай олон хүндрэл үргэлжилж, өдгөө ч бүрэн шийдэгдээгүй байгаа. Ялангуяа иргэдийн хувьд цар тахлын хүндрэлээс гадна татварын нэмэгдэл, бараа, бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэрэг олон сорилттой нүүр тулгарсаар байна. Энэ бүхэн хэвийн горимдоо хэзээ шилжихийг тааварлах аргагүй. Үүнээс дүгнэхэд, манай улс ядуурлаа бүрэн “оношилж” чадаагүй. “Онош”-оо тогтоогоогүй учраас яаж тэмцэхээ ч мэдэхгүй байгаа гэсэн үг юм. Бэлэн “жор” бүү хэл, барьцтай шийдэл ч алга. Тэгсэн атлаа “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт ядуурлын түвшнийг 28.4 хувиас тавд хүргэж бууруулна гэж мөрөөдсөн байх юм. Уг зорилтдоо хэрхэн хүрэх нь өдий болтол тодорхойгүй бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь цаг аргацаасан, сонгууль угтсан, шоу маягийн зүйл ярьж байх жишээтэй. Ер нь Монголд ядуурлыг шийдэх ямар гарц байна вэ гэдэгт мэргэжлийн судлаачдын байр суурийг сонссон юм.
Төрийн бодлого үр дүнд хүрдэггүйн шалтгааныг тодорхойлох ёстой
Ж.БАТЖАРГАЛ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологийн салбарын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч, докторант):
-“Ковид-19” иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлсөн нь судалгаанаас харагдаж байна. Манай Социологийн салбараас 2020 онд хийсэн судалгаанд хамрагдагсдын 2.9 хувь нь өлөн зэлмүүн амьдралтай, 13.2 хувь нь орлого нь идэж, уухад л хүрэлцдэг гэсэн байв. Мөн 28 хувийнх нь орлого хооллох, хувцаслахаас илүү гардаггүй гэж хариулсан. Үүний зэрэгцээ дийлэнх олонх буюу 71 хувь нь амьдралын боломжоо сөргөөр үнэлсэн нь олон зүйлийн гачигдал, хомсдолтой тулгарсан хүний тоо өсөж байгааг нотолно. Ядуурлыг бууруулахын тулд үүнд өртсөн нийгмийн бүлгүүдийг танин мэдэж, нөхцөл байдлыг нь үнэлэх ёстой. 10 гаруй жилийн өмнө хийсэн судалгаагаар ядуурлын талаарх төрийн бодлого үр дүнд хүрэхгүй байгаагийн шалтгааныг төрийн өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой гэж үзэх нь давамгай буюу 69.1 хувьтай байлаа. Энэ нь ядуурлын нөхцөлийг сайтар тогтоож, хаана, ямар ажлыг, яаж хэрэгжүүлэхээ төр, засаг тодорхойлдоггүйтэй холбоотой. Улмаар түүнийхээ үр дүнг тооцож нягтлах, үүндээ үндэслээд дараагийн шатны зорилтоо дэвшүүлдэггүй нь нөлөөлдөг гэсэн дүгнэлт гарсан байдаг юм. Мэдээж иргэдээс шалтгаалсан нь ч бий. Иргэд өөрсдөө ядуурлаас гаръя гэж чармайхгүй, амьдралаа яаж дээшлүүлэх аргаа олохгүй байгаа нь ч нөлөөлж байж. Ер нь иргэдийн чадавхыг сайжруулах буюу хүн бүрийн тодорхой ажил үүргийг гүйцэтгэх ур чадвар, нөөц боломжийг хөгжүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийг боловсронгуй болгож, төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхэд бүх шатны байгууллага илүү анхаарах нь чухал.
Орон нутгийн иргэд амьжиргаагаа сайжруулахын тулд Улаанбаатар луу шилжин ирсээр байгаа. Шилжин ирэгсдийн олонх нь хотын захын хороололд суурьшиж, ядуучуудын эгнээг өргөжүүлдэг. Иймд ядуурлыг бууруулахын тулд тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа энэхүү урсгалыг зогсоох, дундаж амьжиргаатай иргэдээ дэмжих шаардлагатай. Үүний тулд орон нутгийн хөгжилд онцгой анхаарах, тэнд суурьшлын бүс, ажлын байр бий болгох, зах зээлийн эрэлт, хэрэгцээг мэдэрсэн үйлдвэрлэл хөгжүүлэх нь зүйтэй байна. Эдгээрийг олон жил ярьж, зарим талаар тодорхой арга хэмжээ авдаг ч үр дүнд хүрээгүйн шалтгааныг олох нь чухал. Өмнө нь хийсэн судалгаануудаас үзэхэд, хэрэгжүүлж буй бодлогоо тууштай үргэлжлүүлдэггүй, зорилтот бүлгээ тогтооход алдаа гардаг буюу танил талаа, амьдралын боломжтой хүмүүсийг сонгодог нь арга хэмжээ үр дүнд хүрдэггүйн гол шалтгаан болжээ. Мөн зорилтот бүлгүүдтэй ажилласны үр дүнг тооцдоггүй, тэдний чадамж, чадавхыг дээшлүүлэхээсээ илүү “гурил, будаахан” тараах, хэт халамжлах тогтолцоо нь сөргөөр нөлөөлдөг. Хөдөлмөрийн чадвартай мөртлөө хүнсний талонд хамрагдсан нь нийгмийн халамж зохих эзнээ зөв олдоггүй дутагдал нэлээд гарч буйг судалгааны баримтууд харуулдаг. Түүнчлэн нийгмийн халамжийн тогтолцоо нь иргэдийн хөдөлмөрлөх сонирхлыг үгүй хийх, нийгмийн оролцоог багасгах сөрөг үр дагавартай байна. Тиймээс зарим тохиолдолд ажилгүйдэл нь ядуурлыг өөгшүүлэх хүчин зүйл болдог. Төр, засгаас сүүлийн жилүүдэд хавтгайрсан халамжаас хөдөлмөрт шилжих, иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх бодлого баримталж эхэлсэн нь зөв зүйтэй алхам гэж харж байгаа.
Монгол Улс ядуурлаас ангижрах боломжгүй
Я.БЯМБАСҮРЭН (Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал, доктор, дэд профессор):
-Хоёр төрлийн ядуурал байна. Нэг нь тухайн хүн өөрийгөө бусадтай харьцуулаад ядуу гэж ойлгохыг хэлнэ. Нөгөөхөд нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой хүн амыг хамруулна. Үүнийг абсолют ядуурал гэдэг. Эхнийхийг нь хэн ч шийдэж чадахгүй. Яагаад гэвэл тэр нь тухайн хүний хандлага, сэтгэл зүйн асуудал. Харин абсолют ядуурлын тухайд улс орнууд шийдэх гэж хичээж, янз бүрийн арга хэмжээ хэрэгжүүлдэг. Манай улсын хувьд ч тодорхой арга хэмжээ авдаг боловч үүнийг шийдэж чадахгүй. Тийм боломж ч байхгүй. Яагаад гэвэл Монголд ядуу амьдрах сонголт нь иргэдийн гарт байдаг. Төр, засаг хэнийг ч хөдөлмөр эрхэл, ядуурлаасаа гар гэж шахаж шаардах эрхгүй. Шахаж шаардвал хүний эрхэд халдсан болно. Тиймээс л ядуу байх сонголт нь тухайн хүнд байна гэж буй юм. Ер нь абсолют ядуурлыг Монгол байтугай дэлхий шийдэж чадахгүй байгаа. Үүнийг шийдсэн зургаахан орон байдаг нь Норвег, Финланд, Швед, ХБНГУ, БНСУ, Тайвань. АНУ шийднэ гээд ихээхэн арга хэмжээ авсан ч өдгөө ядуурлын түвшнээ 10 хувьд арайхийн тогтоон барьж байх жишээтэй.
ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгээс 1998 онд судалгаа хийхэд хүн амын 10 хувь нь ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр, ямар нэгэн ид шидийн аргаар мөнгө олох сонирхолтой гэсэн дүн гарсан байдаг юм. Хөдөлмөр эрхлэх боломжгүй, халамж авахаас өөр аргагүй хүмүүсийг үүнд оруулаагүй шүү. Түүнээс хойш ийм судалгаа хийгээгүй. Уг нь үүнийг дахин судлах зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр судалгаагаар тогтоогоогүй боловч дээрх 10 хувь өдгөө илүү өссөн байх гэж хардаг. Жишээ нь, Хөвсгөл аймагт өчнөөн олон хүн “Бэлтэс мөрөн” гэдэг компанийнханд мөнгөө залилуулчихлаа шүү дээ. Ерөөсөө хүмүүс ажил хийлгүйгээр мөнгө олох сонирхолтой байгаагийн нэг жишээ нь энэ. “Ядуу хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээтэй” гэж хүмүүс яриад байдаг. Тийм биш. Цагаа тулахаар баян, ядуу ялгаагүй л бүгдээрээ бэлэнчлэх сэтгэлгээтэй. Тиймээс манай улсад ядуурлын түвшнийг тэглэх боломжгүй. 10 хувьд ч хүргэж чадахгүй гэж харж байна.
Дундаж давхаргаа өргөтгөх нь чухал
О.МӨНХБАТ (МУИС-ийн харьяа Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал, доктор, профессор):
-Ядуурлыг бууруулахын тулд бодлогоо зөв тодорхойлж, ажлын байр бий болгох хэрэгтэй гэх зэрэг саналыг судлаачид хэлдэг. Эдгээр нь мэдээж зөв шийдэл. Гэвч эхлээд ядуурлыг зөв ойлгох хэрэгтэй. Ядуу гэдэг нь наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа хүнийг л хэлнэ. Тэр хүн ядуу байгаа нь хоёр хүчин зүйлээс хамаардаг. Нэгт, макро түвшний, тогтолцооны шинжтэй хүчин зүйл буюу тухайн орны эдийн засгийн хөгжил, аж үйлдвэржсэн байдалтай холбоотой. Хоёрт, хувь хүний шинжтэй хүчин зүйл буюу тухайн иргэний боловсрол, хандлага, хүсэл сонирхол зэргээс хамаарна. Улс орнуудын туршлагыг харахад, ядуурлыг бууруулахын тулд энэ хоёр хүчин зүйлийг хамтад нь шийдэх замыг эрэлхийлдэг. Монгол Улсын хувьд ядуурлыг бууруулахын тулд нэн тэргүүнд үнэн зөв статистик хэрэгтэй. Жишээ нь, манай улсад ядуурлын түвшин ямар байна вэ гэхээр олон жилийн өмнө гаргасан 28.4 хувь гэсэн тоог одоо болтол хэлдэг. Гэтэл энэ тоо үнэн үү. Жишээ нь, манай хүрээлэнгээс иргэдийн хэрэглээний түвшинд тулгуурлаад судалгаа хийхэд, ядуурал 37-38 хувьтай гарсан. Өвчтөнийг эдгээхийн тулд эхлээд зөв оношлох ёстой. Ядуурал үүнтэй яг адил. Бид тоон үзүүлэлтээ зөв гаргаж чадахгүй бол ядуурлыг хэзээ ч “ялахгүй”.
Дараагийн нэг зүйл нь хөдөлмөрийн үнэлэмж. Иргэд ядуурлаас гарахын тулд хөдөлмөр эрхлэх ёстой гэдэг. Гэтэл Монголд ажил хийгээд буй хэрнээ л ядуураад байдаг. Ажил хийдэг ч олигтой цалин авдаггүй. Энэ нь улсын эдийн засгийн хөгжил тааруу байгаатай холбоотой. Ядуурлыг шийдэх үндсэн арга бол дундаж давхаргыг өргөтгөх юм. Тодруулбал, тэднийг ядуурлын шугамаас доош унахаас сэргийлэх ёстой. Ингэснээрээ ядуурлыг тэжээдэг “цусан хангамж”-ийг таслан зогсооно. Энэхүү “цусан хангамж”-ийг таслан зогсоосон улс ядуурлыг “ялдаг”. Харин таслан зогсоож чадаагүй нь баян, ядуу гэсэн хоёр л давхаргад хуваагддаг. Уг нь манайд ЖДҮХС-гийн зээл гээд дундаж давхаргыг өргөтгөх зорилготой арга хэмжээ хэрэгжүүлсэн. Гэтэл тэгш бус байдал үүсгэж, уг зээлийг нь УИХ-ын гишүүд, дарга нар авчихсан шүү дээ. Яг авах ёстой хүмүүс нь илүү өндөр хүүтэй зээлд дарлуулаад, бизнесээ хөгжүүлж чадахгүйд хүрч, зарим нь ядуурлын эгнээ рүү шилжсэн. Тэгэхээр тэгш бус байдал, авлигыг ч шийдэх ёстой болж байгаа биз. Түүнээс биш хамгийн ядуу 2000-3000 хүнийг ажилтай болголоо ч нэмэргүй. Харин хамгийн эмзэг тэр хэсэгтээ нийгмийн халамжийг зөв бодлогоор хуваарилж болно.
Боловсролын чанарт анхаарах хэрэгтэй
Б.СОЁЛМАА (Үндэсний судалгаа, зөвлөгөөний төвийн ахлах судлаач, доктор):
-Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нь ядуурлыг урт хугацаанд, тогтвортойгоор бууруулах үр дүнтэй арга байж болно. Үүний цаана хүмүүн капиталын хөрөнгө оруулалт буюу боловсролын чанарын асуудал бий. Сургуулийн өмнөх, ерөнхий, мэргэжлийн, дээд гээд бүх түвшний боловсрол цогцоороо чанартай, тэгш хүртээмжтэй байснаар монгол хүний бүтээмж өндөр болно, ядуурал урт хугацаандаа буурах боломж бүрдэнэ. Дэлхийн банкны “Үндэстнүүдийн баялгийн өөрчлөлт” нэртэй тоон өгөгдлийн сангаас Монголын нэг хүнд ногдох хүмүүн капиталын түвшнийг бусад оронтой харьцуулахад 2010 онд 158 улсаас 103 дугаар байрт жагссан. 2018 онд 14 байраар урагшилж, 89 рүү орсон байна. Найман жилийн хугацаанд 14 байр дээшилсэн нь нэлээд хурдтай өссөн гэсэн үг. Энэ үзүүлэлт нь ажиллах хүчний дундаж гишүүний амьдралынхаа туршид авах цалингийнх нь өнөөгийн үнэ цэнийг илэрхийлдэг. 2010-2018 онд манай улсад уул уурхайн салбар эрчимтэй тэлсэн нь уг үзүүлэлт өсөхөд нөлөөлсөн. Гэхдээ хүмүүн капиталыг одоогийн цалинд суурилсан биш, боловсролын үзүүлэлттэй холбож гаргадаг индексийг харвал арай өөр дүр зураг харагдана. Сургуульд хамрагдсан жил болон боловсролын өгөөж зэрэгт үндэслэн тооцдог “Penn world table” тоон өгөгдлийн хүмүүн капиталын индексийг мөн 2010, 2018 оноор харвал манай улс ердөө гурван байр л дээшилсэн. 2010 онд 56 дугаар байрт байснаа 2018 онд 53-т орсон. Энэ хугацаанд манайхтай ижил социалист системээс зах зээлд шилжсэн Молдав 19, Киргиз найм, байгалийн баялаг ихтэй Катар 27 байраар урагшилсан байх жишээтэй. Тэгэхээр бид боловсролд суурилсан үзүүлэлтээ хурдтай өсгөхөд анхаарах хэрэгтэй. Энэ нь боловсролын чанартаа анхаарах хэрэгтэй гэсэн үг.
Төр, засгаас өдгөө хэрэгжүүлж байгаа ядуурлыг бууруулах арга хэмжээнүүд үр дүнтэй, эсэхэд шууд хариулт хэлж мэдэхгүй нь. Учир нь төрөөс хэрэгжүүлдэг бодлого, хөтөлбөрүүдийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө, зардал, үр ашгийн шинжилгээг ил тод, судалгаанд суурилж хийдэггүй. Тийм мэдээлэл байдаггүй. Өдгөө олон төрлийн халамжийн бодлого хэрэгжүүлж байгааг бид мэднэ. Харин тэдгээр халамжийн үйлчилгээнээс аль нь яг зорилгодоо хүрсэн, хэр үр дүнтэй байна, ингэснээр хэдэн өрх ядуурлаас гарах боломжтой вэ гэх мэт асуултад ямар ч маргаангүй хариулт өгөх баримт нотолгоотой судалгаа байхгүй. Тиймээс эдгээр асуултад маргаангүй хариулт авдаг, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулахын тулд бодлого, хөтөлбөрүүдийн нөлөөллийг шинжлэх ухаанд суурилсан, маргаангүй аргаар нь үнэлдэг болох хэрэгтэй. Түүний дараа хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд хэр үр дүнтэй вэ гэдэгт хариулт өгөх боломж бүрдэнэ.
Бэлтгэсэн М.Оч