Байгаль орчин, аялал жуулчлалын сайд А/406 дугаар тушаал гаргаж, байгалийн ойгоос зулзаган мод шилжүүлэн суулгахыг тодорхой хугацаагаар хориглохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг 2030 оны нэгдүгээр сарын 1 хүртэл мөрдөх бөгөөд энэ нь ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилготой арга хэмжээ гэнэ. Харин зарим тохиолдолд аймаг, нийслэлийн Байгаль орчны газраас зөвшөөрөл авч ойгоос мод шилжүүлж болохыг дээрх тушаалд дурджээ. Тухайлбал, ойн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээлтийг хангах зорилгоор, түймрээс хамгаалах халз зурвас, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас гаргахаар төлөвлөсөн, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордтой давхацсан ойн сангийн талбайгаас мод шилжүүлэн авч болох нь. Түүнчлэн эл арга хэмжээний хүрээнд байгалийн ойгоос зулзаган модыг шилжүүлэн суулгасан байдалд үнэлгээ, мониторинг хийж, холбогдох журам, заавар, аргачлалыг боловсруулж, батлуулах ажлыг ирэх арванхоёрдугаар сарын 1-ний дотор хэрэгжүүлэхийг тус яамны Ойн газрын дарга Б.Оюунсанаад даалгасан байна.
Бэлтгэсэн М.Оч