Койн Монгол Улсын Засгийн газраас “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр баталж, энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхлээд байна. Мөн “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн хамт Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж ЭХТА-ийн 18.19 зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах”, 18.20 дугаар зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах” гэмт хэргийг шинээр тодорхойлсон. Шинээр батлагдсан “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулиар салбарын зохицуулагч байгууллагыг Санхүүгийн зохицуулах хороогоор тодотгосон. Тус хорооноос энэ оны зургадугаар сарын 25-ны өдрөөс есдүгээр сарын 26-ны өдрийн хооронд бүртгэлийн ажиллагаа явуулж “Айдакс” ХХК, “Койнхаб” ХХК, “Дижитал Эксчэйнж Монголиа” ХХК нар бүртгэлд хамрагдсан байна. Өнөөдрийн байдлаар зургаан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч бүртгэгдэж, нийт есөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газартай хамтран “Виртуал хөрөнгө гаргагч болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарын татвар төлөлттэй холбоотой болон залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй эсэхэд” шалгах ажиллагааг явуулж байна. Виртуал хөрөнгө буюу койн, токен шинээр гаргаж хөрөнгө төвлөрүүлсэн этгээдүүдтэй холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж.