Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлд агаарын чанар муудаж, утаа ихсэх болов. Агаарын чанарын харуулуудын мэдээлэл ч утааны улирал эхэлснийг “сануулж” байна. Тухайлбал, Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн долоо хоногийн хугацаанд буюу энэ сарын 3-9-ний агаарын чанарын үзүүлэлтдийг хянаж, шинжлэв. Уг дүнгээр Зурагт, Шархад, Налайх, Зайсан, “Мишээл экспо” төв, “Ургах наран” хороолол орчимд агаарын чанарын үзүүлэлт сайн гарчээ. Харин I хороолол, Зуун айл, Толгойт, Нисэх, Хайлааст, Баруун дөрвөн зам, Амгалан орчимд зарим өдөр агаарын бохирдол стандартад зааснаас өндөр байв. Тухайлбал, агаар бохирдуулагчдын нэг нарийн ширхэгт тоосон цор I хороолол орчимд стандартаас 1.4 дахин их байсан аж. Мөн бүдүүн ширхэгт тоосонцор ДЦС-уудын ойр орчимд хүлцэх хэмжээнээс 1.6 дахин их байжээ. Түүнчлэн Баруун дөрвөн зам орчимд азотын давхар исэл стандартад заасан хэмжээнээс 1.3 дахин их байгааг тогтоосон гэнэ.
Бэлтгэсэн М.Оч