Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах байрнаас 2022 оны аравдугаар сарын 9-ний өдөр С.Т, Н.Н нар цонхоор үсэрч, оргон зайлахыг завдаж, улмаар унаж бэртсэн. Тухайн үед тус байрны алба хаагч Яаралтай түргэн тусламжийн төвд дуудлага өгснөөр дээрх этгээдүүд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байна. Баривчлагдсан этгээдүүдийн биеийн байдал хэвийн байна. С.Т, Н.Н нар нь 2022 оны есдүгээр сарын 23-ны өдөр газ үнэрлэн мансуурч, иргэн Э-ийн гар утасны дэлгэцийг хагалж, биед нь хохирол учруулахгүйгээр халдсан зөрчил үйлдсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар 20 цагийн албадан сургалтад хамруулж, 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл эдэлж байсан аж.