БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн ЗДТГ болон Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд “Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэнг “Дүнжингарав” худалдааны төв дэх нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний зорилго нь орчны бохирдол, доройтлыг бууруулахад техник, технологи, инновацын шийдлийг ашиглах, тэдгээрийг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэглээнд нэвтрүүлэх аж. Үзэсгэлэнд “Алтай эколос”, “Монгол базальт”, “Тасума”, “Дашваанжил газ”, “АБУ трейд”, “Минж занд”, “Нанолик ойл” зэрэг 40 гаруй компани оролцож, цахилгаан болон хийн халаагуур, агаар цэвэршүүлэгч, утаа шүүгч, нано цонхны шүүлтүүр, эрчим хүчний хэмнэлттэй сууц, автомашин, дулаалгын материал, дулаан хуримтлуулагч төхөөрөмж зэргийг танилцуулав. Мөн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болголоо. Тухайлбал, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр БОАЖЯ, Улаанбаатар хотын захиргаа хамтран хэрэгжүүлж буй “Агаар нэг” төслийн хүрээнд ШУТИС-ийн багш, судлаачдын бүтээсэн монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн чип багцыг “Өнө монгол гэр” ХХК танилцуулсан нь олон хүний анхаарал татав. Энэ нь монгол гэрийг дулаан алдахаас сэргийлсэн зориулалтын өрх, хаяавч, шалавч, хөрсний уур тусгаарлагч, амьсгалдаг бүрээс, уур тусгаарлах дотуур цагаан бүрээс, цахилгаан халаагуур, температур болон чийгшил хэмжигч, агаар оруулах, гаргах нээлхий, сорох сэнс зэргээс бүрддэг юм байна. Онцлог нь гэрийн доторх температурыг тогтмол хянаж, хүссэнээрээ тохируулах боломжийг олгодог аж. Уг багцыг нийслэлээс Баянзүрх, Сонгинохайрхан, орон нутгаас Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зорилтот бүлгийн өрхүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр, бусад айлд жилийн гурван хувийн хүүтэй “Ногоон зээл”-ээр олгож буй гэнэ.