Харин Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн ХХК нь дээрх талбайг олон нийтийн эзэмшилд үнэ төлбөргүй шилжүүлж өгөхөөс гадна талбайн үлдсэн хэсгийг буюу 6 га талбайд үйлчилгээний зориулалтаар, Хүүхдийн паркийн үндсэн концепц, шинж чанаруудад нийцүүлсэн тохижилт хийх юм. Үүний тулд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнг сэргээн засварлахаар гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Рио Тинто Монгол ХХК, Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн ХХК-ийн удирдлага гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Рио Тинто Монгол ХХК нь Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн баруун жигүүрт буюу Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10 га талбайг иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, тогтвортой ногоон байгууламж болгон сэргээн засварлана.
Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал энэ талаар “Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү төслийг хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй нийслэлд амьдрах тав тухтай орчин бүрдүүлэх, гэр бүл, хүн хоорондын харилцааг сайжруулах, тогтвортой, ногоон хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд бид төслийн удирдлагыг бүрэн хариуцаж, амжилттай хэрэгжүүлснээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийг дэмжих жишиг ажил болгох хүлээлттэй байгаа”-г онцлов.
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын Их Хурал Алсын хараа-2050 баримт бичгийг батлахдаа ногоон эдийн засгийг хөгжүүлэх, хот суурин газрууд, ялангуяа нийслэл Улаанбаатар хотыг экологийн хувьд тогтвортой, ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилтыг тусгаад байна. Энэ зорилтын хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэнд ая тухтай орчныг бүрдүүлэх олон ажлыг хийж байгаа. Ирэх онд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн газрыг томоохон хэмжээний олон нийтийн амралт, зугаалгын бүс болгон хөгжүүлэхэд Рио Тинто компанитай хамтарч ажиллах болсондоо таатай байна. Дэлхийд нэр хүндтэй, хариуцлагатай компани нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаад талархал илэрхийлье. Цаашид Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн стандартад хүрэх ёстой. Энэ нь нийслэлийн иргэдийн бие болон сэтгэлийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой юм” гэдгийг онцоллоо.
Рио Тинто Монгол ХХК төслийг хэрэгжүүлэх явцдаа олон нийтийн оролцоог хангах, бүтээн байгуулалтад үндэсний компаниудыг оролцуулах зарчим баримталж ажиллахаар төлөвлөжээ. Үүнтэй холбоотой зураг төсөл, гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг тус компани хариуцаж зарлах бөгөөд төсөл нийт дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ. Тухайлбал эхний нэг жилд нь бүтээн байгуулалт, үлдсэн гурван жилд нь арчилгаа хийх буюу цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг бойжуулах, нөхөн сэргээх ажлууд хийгдэх юм. Ийнхүү гурван талт хамтран ажиллах санамж бичиг байгуулагдсанаар цаашид Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнг сэргээн засварлахтай холбоотой ажлууд шат дараатай хийгдэж, 2023 оны эхний хагаст бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр байна.