Монголын үндэсний их сургууль “Монголын хамгийн том их сургууль” гэсэн зар сурталчилгааг өөрийн сургуулийн цахим хуудас болон хот доторх зарим чиглэлийн нийтийн тээврийн автобуст байршуулжээ. Үүнийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгаж, Зөрчлийн тухай хуулиар торгожээ.
Тодруулбал, Зар сурталчилгааны тухай хуулийн долдугаар зүйлийн 7.2.3-т “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж заасныг зөрчсөн. Тиймээс “Монголын үндэсний их сургууль” НҮТББ-д Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан 5000 нэгж буюу таван сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Монголын үндэсний их сургууль уг шийтгэлийг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Гэвч Монголын үндэсний их сургуулийг эрх бүхий байгууллагаас “Монголын хамгийн том их сургууль” гэж тодорхойлоогүй. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын оногдуулсан шийтгэл үндэслэлтэй, тус сургуулийг Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн зар сурталчилгаа явуулсан гэж захиргааны хэргийн шүүхээс үзэв.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Төрийн сан банкин дахь дансанд 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр МҮИС 5 сая төгрөгийг шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх журмаар төлж барагдуулсан байна.
Хууль зөрчсөн зар сурталчилгааг өөрийн цахим хуудас болон бусад хэлбэрээр түгээхгүй байх, зар сурталчилгааг зогсоох, нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй зурагт хуудсыг авах зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгаврыг ШӨХТГ-аас хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл МҮИС арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байгаа аж.
Иймээс Монголын үндэсний их сургуульд хүргүүлсэн албан даалгаврыг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэх хүсэлтийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байна.