Мэдээллийн https://www.unuudur.mn/ сайтад байршуулсан автобусны жолооч хүүхэд дайрсан бичлэгийн мөрөөр нийслэлийн Засаг даргын хэвлэлийн албанаас тухайн "Blue bus" компанийн жолоочид хэрхэн хариуцлага тооцсон талаараа мэдээлсэн. Тэгвэл ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс уг ослыг хэрхэн шалгаж, шийдвэрлэсэн талаараа мэдээлэл өгөв. Уг осол 2022 оны тавдугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хороо “Зүрх Уул”-ын замд гарчээ. Автобусны жолооч “М”-н жолоодож явсан автобусны араас 9 настай явган зорчигч гүйж яваад гэмтсэн гомдлыг ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэс шалгасан гэнэ. Улмаар Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д зааснаар “жолооч хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлаа хангаагүй” үндэслэлээр 100 000 төгрөгөөр торгон, 5 оноог хасаж арга хэмжээ тооцсон байна. Мөн осол гаргасан жолоочоор хохирогч хүүхдэд эмчилгээний зардлыг гаргуулж шийдвэрлэсэн аж.