“Жаст групп“ ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий 5 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр (2022 оны аравдугаар сарын 5) 10.00 цагт товлон зарласан боловч шүүгдэгч Г.Амарбат, Э.Сүрэн нарын өмгөөлөгч өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болжээ. Тодруулбал, тэд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нар сонгон авсан өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд өмгөөлөгчөөс ирүүлсэн болон шүүгдэгч нараас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авчээ. Ингээд хуралдааныг 2022 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 10.00 минут хүртэл хойшлуулав. Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.
"Жаст групп" ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, худалдааны хэлтсийн дарга явсан Г.Амарбат болон хамжигч гэгддэг “Алтжин групп”-ийн ерөнхий захирал, Э.Сүрэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан удаа дараа хойшилж буй.
Тэд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Английн “Стандарт” банканд хуурамч бичиг баримт бүрдүүлэн барьцаалж, 109 сая ам.долларын зээл авсан хэргээр шүүгдэж буй билээ.