БОАЖ-ын сайд самар түүх хугацааг есдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 1-ний хооронд тогтоосон. Мөн 10 аймгийн 39 сумаас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж, бэлтгүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ ойн доройтол, самрын ургац зэргээс хамаараад зарим аймагт квот тогтоосон байна. Тодруулбал, Хэнтий аймгийн гурван сумын нутгаас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар 2600 тонн самар түүлгэхээр болжээ. Иргэд ахуйн зориулалтаар дээд тал нь 50 кг самар түүж, нөөцлөх боломжтой гэнэ. Харин аж ахуйн нэгж, байгууллагуудад кг тутамд 800-1400 төгрөгийн хураамж төлж, 30 хүртэлх хоногт хушны самар бэлтгэх эрх олгожээ. Хэнтий аймаг өнгөрсөн жил улсын төсөвт самрын орлогоос 1.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол энэ онд үүнийгээ хоёр тэрбумд хүргэх зорилт дэвшүүлжээ. Гэвч өнөө жил дунд ургацын үе тохиож буй учраас зорилтоо биелүүлэхэд хүндрэл учирч болзошгүйг тус аймгийн БОАЖГ-ынхан онцлов.