Камбож улсын Пном Пен хотноо болж буй Азийн олимпын зөвлөлийн Ерөнхий ассамблейн үеэр 2029 оны Азийн өвлийн наадмыг зохион байгуулах эрхийг Саудын Арабад олголоо.
Тус улс Азийн өвлийн наадмыг Арабын хойгийн баруун хэсгийн, далайн түвшнээс дээш 2400 метрийн өндөрт орших Сарават уулнаа зохион байгуулах өвөрмөц төсөл боловсруулсан нь бодит ажил болох эхний алхам ийнхүү тавигдаж байна.
Саудын Араб улс тус уулын оргил дээр Персийн булангийн анхны цанын бааз болох Троенаг барьж байгуулахаар төлөвлөөд буй. Энэ нь Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салманы удирдаж буй 500 тэрбум ам.долларын өртөг бүхий Neom супер хот байгуулах аварга төслийн нэг хэсэг болж байна.
Сарават уулын оргил хэсэгт агаарын температур эрс доошилж, өвөлдөө хасах хэмд хүрч хүйтэрдэг тул цанын бааз байгуулах бүрэн боломжтой гэж тооцоолжээ.
Троена цанын баазыг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөж байгаа бөгөөд жуулчдад зориулсан тансаг зэрэглэлийн зочид буудал, үйлчилгээний төв, эрүүл мэндийн байгууламжууд, бүс нутгийн хамгийн том цэнгэг уст нуур бий болгохоор төлөвлөсөн байна. Мөн хиймэл цас ашиглан тэмцээн, уралдаанаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хунтайж Бин Салманы Саудын Арабыг дэлхий дахинд сурталчлах бодлогын нэг гол хэсэг нь спорт болж байна. Тус улс ирэх жил Дэлхийн тулааны спортын наадам, 2025 онд Азийн танхимын болон тулааны спортын наадам, 2034 онд Азийн наадам зохион байгуулах эрхийг аваад байгаа юм.