"Сүлд шонхор" ХХК япон технологиор Монголдоо "Тоди" нэрийн живх үйлдвэрлэдэг. Мөн тус компани жил бүр 100 000 живхийг өнгөгүй уутанд савлан хүүхдүүдэд хандивладаг аж. Гэвч уг хандивын живхийг хотын захын дэлгүүрүүдээр зарж борлуулсан тохиолдол гарчээ. Энэ талаар тус компанийнхан пэйж хуудсандаа "Нэг ч гэсэн хүүхэд дулаан байг гээд живхээ өнгөгүй уутанд савлан хүүхдийн эмнэлэг, өрхийн эмнэлгүүд, хүүхдийн асрамжийн төвүүд гээд олон олон сүлжээгээр үнэ төлбөргүй бэлэглэх аян зохион байгуулдаг. Гэтэл Хайлаастын нэг дэлгүүрт 1 140 ширхэг буюу 76 боодол живх нэг уут нь 10 000 төгрөг гээд зарж байх юм. Үнэхээр арай ч дээ хэлэх ч үг алга. Дэлгүүрийн эзэн дээр очоод энэ живх зарагддаг живх биш ээ, манайх үнэ төлбөргүй хүүхдүүдэд бэлэглэдэг, зарж болохгүй гэсэн чинь надад хамаагүй би зарна, та нарт өгөхгүй надаас эсвэл худалдаж ав гэх юм" хэмээн бичжээ.
Улмаар үйлдвэрлэгч дэлгүүрийн эзэн хоёрын дунд дараах асуулт хариулт өрнөжээ
-Та тэгвэл хэзээ авсан юм?
-Мэдэхгүй.
-Хэдээр авсан юм?
-Санахгүй байна.
-Хэдэн ширхэгийг авсан юм?
-Мэдэхгүй байна
-Хэнээс авсан юм?
-Санахгүй байна нэг хүнээс л авсан.
Хамгийн гол нь тус компанийнхан цагдаагийн байгууллагад хандаж, хаанаас ямар замаар энэ дэлгүүрт очсоныг тодруулахыг хүссэн ч хэрэгтэй танилцаад гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн гэнэ.