Хоёр жил тутам зохион байгуулдаг уламжлалтай ч цар тахлын улмаас 2020 онд өнжсөн Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газрын сүлжээний XVI хурал өчигдөр манай улсад боллоо. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Бээжин дэх төлөөлөгчийн газар, Хүн ба шим мандлын хөтөлбөрийн хороо, Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний Нарийн бичгийн дарга нарын газар, БОАЖЯ зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан хуралд гишүүн орны 50 гаруй төлөөлөгч оролцож, сүүлийн гурван жилд хийсэн ажлуудынхаа үр дүнг хэлэлцэж, туршлага солилцов. Мөн цаашид хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг гаргалаа.
ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын хөтөлбөр нь байгаль орчинд үзүүлэх хүний хүчин зүйлийн олон талт нөлөөг судлах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглуулах замаар урт хугацаанд хамгаалахад дэмжлэг үзүүлдэг. Манай улс 1990-2007 онд шим мандлын нөөц газрын сүлжээнд Говийн их дархан цаазат газар, Хустайн нуруу, Богдхан уул, Увс нуурын ай сав, Дорнод, Монголын тал, Монгол Дагуурын бүс гэсэн зургаан газрыг бүртгүүлсэн байдаг. Харин үүнээс долоон жилийн дараа буюу 2020 онд Тосон Хулстайг нэмж оруулсан бол 2021, 2022 онд тус бүр нэг газрыг олон улсад дансалсан юм. Тодруулбал, Монгол, Оросын нутагт орших Увс нуурын хотгорыг хил дамнасан шим мандлын нөөц газрын ангилалд өнгөрсөн жилийн намар хойд хөрштэй хамтран бүртгүүлсэн бол Хөвсгөлийг энэ оны зургадугаар сард оруулсан. Тэгвэл дээрх хоёр газрыг ЮНЕСКО-д бүртгэсний баталгаа болох баримт бичгийг олон улсын төлөөлөгчид өчигдрийн хурлын үеэр БОАЖ-ын сайдад гардууллаа. Уг арга хэмжээнд оролцохоор ирсэн төлөөлөгчид, олон улсын шинжээчид дээрх газруудаас Тосон Хулстайд ажиллаж, холбогдох албаны хүмүүст зөвлөмж өгөхөөр болжээ.
Монгол Улс 2030 он гэхэд тусгай хамгаалалттай газрын сүлжээг өргөтгөн нийт нутгийн 25 хувьд хүргэх, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг улсын хамгаалалтад авах зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг салбарын сайд энэ үеэр онцлов.