Хөгжлийн банкнаас эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий аж ахуйн нэгждээ зээл олгосон хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэргийг эхнээс нь шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж буйг прокурорын байгууллагын эх сурвалжууд мэдээллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшинд холбогдох хэрэгт тун удахгүй яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хүргүүлэх гэж байгаа аж. Харин албаны хүмүүс энэ талаар “Одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа” хэмээж байна. Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, зээлийн барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгосон хэрэгт холбогдсон билээ. Уг зээлийг хамаарал бүхий аж ахуйн нэгждээ олгохын тулд Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцүүлж, албан тушаалаа ашиглан уг хорооны гишүүддээ нөлөөлж, улмаар ТУЗ-өөсөө дээрх хэмжээний зээл авах шийдвэр гаргуулсан хэрэгт буруутгагдаж буй.
Хөгжлийн банкны гэх хэрэгт нийт 79 хүнийг холбогдуулан шалгаж, яллагдагчаар татсан бөгөөд тэдний дунд улс төрд нөлөө бүхий албан тушаалтан буюу УИХ-ын дөрвөн гишүүн бий. Тодруулбал, өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагад сууж буй дээрх Г.Амартүвшингээс гадна Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг яллагдагчаар тооцсон юм. Хөгжлийн банкны гэх хэргийн улмаас 2.4 их наяд шахам төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад багагүй хэсгийг нь нөхөн төлүүлээд буй.
Бэлтгэсэн Г.Орчлон