“Тэнүүн Огоо” компанийн кондуктор эмэгтэйг машинтай залуус дайрч, хүнд гэмтээсэн хэрэг Баянгол дүүрэгт гарчээ. Осол гаргасан дөрвөн залуугийн хоёр нь газар дээрээ нас барж, нэг нь ГССҮТ-д хүргэгдсэн ч гэмтлийн улмаас хорвоог орхижээ. Амьд үлдсэн залуугийнх нь биеийн байдал маш хүнд, өнөөг хүртэл ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа юм байна. Харин хохирогч эмэгтэй тус эмнэлгийн Хавсарсан гэмтлийн тасагт эмчлүүлж байгаад өчигдөр өглөө эмнэлгээс гарчээ. Тус тасгийн эмч Ц.Цэнд-Очир “Өнгөрөгч аравдугаар сарын 30-ны өглөө 46 настай хохирогч Н-ийн биеийн байдал маш хүнд, ухаангүй ирсэн. Тархи, нугас, дотор эрхтэн нь доргиж, хавсарсан хүнд гэмтэл авсан байсан. Мөн хугарсан баруун хөлний дунд чөмгийг нь хадсан. Шаардлагатай эм, тариаг нь хийж байгаад өнөө өглөө гэрээр эмчилгээг үргэлжлүүлэхээр гаргалаа. Одоо ч бие нь сайнгүй байгаа” гэв.
Түүнтэй хамт ажилладаг бригадынхан нь “Би ажилдаа явахаар өглөө эрт гэрээсээ гараад “Өргөө” кино театрын урд талын автобусны буудалд ажилчдын унаагаа хүлээн зогсож байсан юм. Цагаан өнгийн “Chaser” маркийн машин маш хурдтай намайг чиглээд ирэхээр нь хойшоо ухарч, зугтсан ч яах ийхийн завдалгүй замын хашлага даван хэвлий рүү минь мөргөөд, бетон шонд тулж зогссон. Хажуу тийш хүчтэй шидэгдсэнээс хойш юу болсныг санахгүй байна. Тэр үед зузаан хувцастай явсан тулдаа л амьд үлдлээ. Машин дотор явсан залуус согтуу байсан байх гэж хохирогч ухаан орсон үедээ ярьсан” гэцгээлээ. Мөн тэдний яриагаар Н-ийн нөхөр нь өнгөрсөн онд нас барсан болохоор одоо долоон хүүхэдтэйгээ хамт амьдардаг аж.
Багаар бодоход бүтэн жилийн турш хэвтэрт байх болохоор ар гэрийнхэнд нь хэцүү байгаа. Хамгийн гол нь хэргийн хариуцагч нас барчихсан учраас тэрбээр өөрийнхөө зардлаар эмчилгээ хийлгэж байгаа аж. Одоогоор бригадын хамт олноос нь түүнд 500.000 төгрөгийн тусламж үзүүлжээ. Мөн ажлын газраас нь тодорхой хэмжээний тусламж үзүүлэхээр зэхэж байгаа гэнэ.
Б.ДЭЛГЭРХИШИГ